• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Найз нөхдөө дурсан санахуй...

CRI       (GMT+08:00) 2014-11-30 16:15:59

Батсуурийн Нарантуяа: МҮОНР-гийн Монголын Дуу Хоолой радиогийн захирлаар ажиллаж байсан. МҮОНР-гоос ХОУР-д ажилласан мэргэжилтэн.
 
Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн 50 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа юм байна. Тэгвэл, сар гаруйхны өмнө Монголын Радиогийн Гадаад нэвтрүүлэг байгуулагдсаны хагас зуун жилийн ойг бас тэмдэглэсэн.  1990-ээд оны эхээр Монголын Радиогийн Гадаад нэвтрүүлгийнхэн Хятадын Олон Улсын Радиотой холбоо тогтоохыг санаачлан захидал илгээж байсан нь саяхан мэт санагдаж байвч 20 гаруй жил өнгөрсөн байна.

Анх, Монголын Радиогийн урилгаар Хятадын Олон Улсын Радиогийн төлөөлөгчид Монголд айлчилж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсныг тодхон санаж байна. Хятадын төлөөлөгчдийг богино хугацаанд монгол оронтой өнгөц боловч танилцуулахаар би тэднийг дагуулан Өвөрхангай аймгийн Хужиртад очиж байсан юм. Тэр үед ХОУР-гийн Монгол хэлний редакцийн дарга Эрдэмт гэж даруухан төлөв хүнтэй танилцаж байлаа. Гэрээний нөхцөл, агуулгыг боловсруулах, гарын үсэг зурахад Эрдэмт гуай бид хоёр хамт байсан. Дараа нь удалгүй энэ гэрээ амьдралд хэрэгжиж Эрдэмт гуай Монголд, би Бээжинд очиж ажилласан билээ.

Дэлхийн хэмжээнд нэр хүндтэй Хятадын Олон Улсын Радиод ажилласан минь надад тохиолдсон бас нэг аз завшаан гэж бодож явдаг. Монгол хэлний редакцийнхныг ч өөрийн бас нэг хамт олон гэж бахархаж байдаг. Энэ редакцад ажилласан нэг жил хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээсэн билээ.

2003 оны зуны эхэн сард Бээжинд очиход минь Баясгалан, Нарс гэж нөхөрсөг сайхан хүмүүс угтаж, дараа нь нийт хамт олонтойгоо танилцсан. Тэр үед монгол хэлний редакцийнхан уйгаржин монгол үсгээс кирилл үсэг рүү шилжиж байсан бөгөөд, шинээр интернет сайт нээж, хятад орны түүх, соёл, шинжлэх ухаан гээд бүхий л салбарын тухай олон арван хуудас материал байрлуулж 10-р сарын 1 гэхэд бэлэн болгох их ажил өрнөж байсан. Хэдхэн сарын дотор монгол хэлний редакцийнхан шинэ монгол үсгийн дүрэмд суралцаж, компьютер бүрэн эзэмшиж билээ. Энэ редакцийнхан Цэцэн, Гэрэлт, Цогзолмаа, Урангоо, Пэрлиймаа, Урьхан, Нарс, Дарамбазар, Буян, Баатар, Болор, Рэнчинсоо, Сайн-Өлзий, Бүрэнбаяр нар бүгд маш идэвхитэй оролцож, зарим нь мэрэгжилтэн гэж очсон надаас л илүү зөв бичгийн дүрэм мэддэг болчихсон билээ.


Нэг өдөр Баясгалан "та миний материалыг хянаад өгөхгүй юу" гэлээ. Үзэж байгаад нэлээд хэдэн засвар хийгээд өгсөн чинь – Жанжаа таны нэг засвар буруу байхаа, энэ үгийг ингэж бичдэггүй байхаа гэж байна. /Ямар үг байсныг одоо мартчихаж/ Үгүй ингэж бичдэг гээд бид хоёр мөрийцдөг юм байна. Тэгээд дүрэм үзсэн чинь Баясгалангийнх зөв байж билээ. Ер нь монгол хэлний редакцийнхан хятадаас монгол руу орчуулахдаа жинхэнэ мэргэшсэн шилдэг орчуулагчид байсан. Монголд БНХАУ-ын соёлын өдрүүд болох гээд тэр үеэр монголын үзэгчдэд үзүүлэх хоёр киног Цэцэн, Гэрэлт хоёртой хамт орчуулж билээ. Тэгэхэд тэр хоёр синхрон орчуулга хийж би эвлүүлэн бичиж байхдаа энэ хоёр маань үнэхээр чадварлаг, өндөр мэргэжсэн хүмүүс юм байна гэж бахархаж билээ. Үеийн найзууд Урангоо, Пэрлэймаа хоёрыг байнга дурсан санадаг.

Пэрлэймаагийнд уригдаад очихоор явж байхдаа, – За нэг, хоёр цаг болоод гарна гэж бодож байлаа. Очоод, бууз, махаар дайлуулан жинхэнэ монгол ахуйд орсондоо баярлан, нөхөртэй нь хууч хөөрсөөр, юун цагийн дараа тэднийхээс гарах бүү хэл бүр хонож билээ. Хятад оронд амьдардаг өвөрлөгч монгол ах дүү нар маань зарим талаараа Монгол орондоо байгаа монголчуудаас илүү монгол ахуйгаа мэддэг, соёл уламжлалаа нандигнан хадгалж байдгийг Хятадын ОУР-гийн монгол хэлний редакцид ажиллахдаа сайн мэдэж авсан..

Бээжинд ажиллаж байх хугацаанд эмнэлэгт үзүүлэх, эмийн сангаас эм авах, дэлгүүр хоршоогоор орж бэлэг сэлт авахаас эхлээд олон зүйл дээр Нарс дүү маань чин сэтгэлээсээ тусалж байсныг огт мартдаггүй. Бас Урьхан гэж хөөрхөн жаахан охин их тусалж байж билээ.

Бээжингийн Радиогийн монгол хэлний редакцийн дарга Цэцэн болон бусад нөхөд маань надад хятад орны түүх, соёлтой олон талаас нь танилцах өргөн боломж олгохыг хичээж байсныг өнөөдөр талархан дурсаж байна. Түүний хүчинд, Бээжин дэх хаадын ордон музей, цэцэрлэгт хүрээлэнгүүд, монголын түүхтэй холбогдолтой газрууд, сүм хийд, Хубилай хааны дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, мөн Хубилай хааны түүхтэй холбоотой уулын орой дээрх Буддын хийд, Хятадын эртний хаадын газар доорх ордон-бурхан, Цагаан хэрэм, Тянжин хот, үйлдвэрийн газрууд гээд олон газраар явж сурвалжлага хийсэн маань хэзээ ч мартагдахгүй сэтгэгдэл үлдээсэн. Энэ нь хятад орны тухай, хятадын ард түмний талаарх мэдлэгийг минь зузаатгасан гэж боддог юм. Бас Шанхай хотод Бүх Дэлхийн ЭКСПО үзэсгэлэн зохиогдоход ХОУР-гийн монгол хэлний редакцийн дарга Цэцэн санаачлан Монголын Радиогийн гадаад нэвтрүүлгийнхэнтэй хамтарсан шууд нэвтрүүлэг хийсэн. Энэ нэвтрүүлгийг гурван сувгаар Хятад орон даяар шууд нэвтрүүлж Монголыг Хятадад танилцуулахад багагүй хувь нэмэр оруулсан гэж боддог.

Одоо манай хоёр редакцад шинэ боловсон хүчин болох олон залуус нэмэгдсэн бөгөөд харилцаа, холбоо маань улам өргөжнө гэж найдаж байна. Бээжин дэх ХОУР-гийн монгол хэлний редакцийн хамт олондоо түүхэн тэмдэглэлт ойг тань тохиолдуулан хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна.

----Батсуурийн Нарантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе