|
|
||
20141203Urancimeg.mp3
|
А.Уранчимэг: МҮОНР-гийн Монголын Дуу Хоолой радиод Хятад хэлний орчуулагч-редактораар ажиллаж байна.
ХОУР-ийн монгол хэлний редакц байгуулагдсаны 50 жилийн ой болж байна. Сар гаруйхны өмнө Монголын радиогийн хятад хэлний редакц бас 50 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Монголын радиогийн Хятад хэлний редакц хоёр орны харилцаа ноцтой муудах үед Хятадын удирдагчдын бодлогыг шүүмжилж илчлэх зорилготой анх байгуулагдсан. ХОУР-ийн Монгол хэлний редакц ч тухайн үед бас л тийм зорилгоор байгуулагдсан нь тодорхой.
Хоёр тал харилцан бие биенээ хатуу шүүмжилдэг байсныг хүмүүс одоо ч санаж ярьдаг билээ. Манай редакцийн ахмад нэвтрүүлэгч Бат-Орших нэг удаа монгол хятадын киноны уран бүтээлчдийн уулзалтанд оролцох үед хятадын талын дуу орчуулагчийн хоолой ихэд танил сонсдон танилцаж ярилцсанд ХОУР-ийн ахмад нэвтрүүлэгч Анчинхүү гуай байсан гэдэг. Хоёр талаас харилцан шүүмжилсээр байгаад бие биенээ дуу хоолойгоор нь андахгүй болчихсон байсан нь тэр. Мөн хожим нь Анчинхүү гуай, Бурмаа гуай нар манай редакцид зочлох үед манай ахмад нэвтрүүлэгч Тунгалаг, Бат-Орших нар дээр үед хэрхэн бие биенээ харааж, шүүмжилж байснаа ярилцан нэг оройжин хөхрөлдөж билээ.
ХОУР-д ажиллаж байсан тэр жил амьдралын маань хамгийн дурсгалт үеийн нэг бөгөөд өчигдөрхөн мэт санагдах атал аль хэдийн арван тав зургаан жил өнгөрчээ. 1998 оны зун энэ радиод ажиллах томилолт өвөртөлсөөр Бээжин хотыг зорьж билээ. Урьд нь мэргэжил дээшлүүлэхээр Хятад улсад хоёр ч удаа очиж байсан тул өөрийгөө Хятад орныг, хятадын ард түмний зан заншлыг нэлээд мэддэг болсонд тооцож байсан минь том эндүүрэл байж гэдгээ энд ирмэгцээ ойлгож билээ. Гадаад харилцааны хэлтсээс шинээр ирсэн мэргэжилтэн бүрийг цайлдаг ёсоор намайг ч бас тэгж угтсан. Ширээ дүүрэн хоол зууш өрчихсөн, дарга нар хоорондоо ярилцан суухад Бээжингийн долоон сарын халуунд ангаж цангасан би ундаанаас өөртөө аягалан залгилчихсанд бүгд гайхан харснаа "за за эхэлье, эхэлье" хэмээлдэн цайллага эхэлсэн. Тэгэхэд нь урьсан хүн эхэлж хоол зуушинд хүрээгүй цагт зочин түрүүлж хүрч болдоггүй хятад ёсыг мэдээгүй байсандаа тун их ичиж сандарч байж билээ. Ажлын өдөр яг долоон цаг хагас гээд л мэргэжилтнүүдийн автобус хөдөлнө шүү гэж анхааруулж байхад нь монгол зангаараа бодон аажуухан гарч ирээд эхний өдөр хоцорч байсан зэрэг шинэ нөхцөл байдалд дасах гэж хөглөж байсан минь саяхан ч юм шиг
.
Намайг байхад Эрдэмт гуай, Бурмаа гуай, Баясгалан, Урангоо, Буян, Пэрлэймаазэрэг одоо гавьяаныхаа амралтанд сууж буй олон сайхан чадалтай орчуулагч редакторууд ажиллаж байсан. Редакцийн дарга Бүрэнбат болон орлогч дарга Эрдэнэсан зэрэг сайхан зантай тусч эелдэг сайн хүмүүс байж мөн ч олон зүйл дээр надад тусалж дэмжиж байсан нь санаанаас одоо ч гардаггүй юм. Цэцэн, Нарс, Сайн-Өлзий, Дарамбазар, Цогзолмаа зэрэг мундагчуул цөм л ажлын төлөө төрсөн мэт ид эрч хүчтэй насандаа байж билээ. Мөн Гэрэлт, Баатар, Бүрэнбаяр зэрэг авъяас билэгтэй шинэлэг сэтгэлгээтэй залуустай хамт нэвтрүүлэг хийж байсандаа их бахархаж явдаг. Мөн амьдралд маань намайг багш хэмээн дууддаг байсан ганц хүн болох Ринченсоо болон намайг буцаж ирсний дараа орсон боловч Монголд мэргэжил дээшлүүлж явахад нь танилцаж дотноссон дүү Урьхан нарыгаа ч энэ өдөр дурсан санаж байна. Намайг нутгаа буцах болоход Цогзолмаа дүүгийнхээ гаргаж өгсөн тэр явдлыг огт мартахгүй санаж явдаг шүү.
Хятадын уран зохиолоос монголын уншигчдад танилцуулах санаатай чадан ядан оролдож байхдаа хятад хэлний нарийн нюансыг гаргаж чадахгүй бол энд ажиллаж байсан Нарс, Цэцэн хоёрлуу л утасдан асууж шалгааж байдагсан. Номоо хянан тохиолдуулахад гүн туслалцаа үзүүлсэн Нарсдаа баярласнаа урьд нь хэзээ ч хэлж байгаагүй юм байна. Энэ сайхан баярын өдөр тус редакцид өөрөө очиж ажилласан дурсамжаас гадна манай редакцид ирж ажиллаж байсан мэргэжилтнүүдийнхээ тухай дурсах нь зүйн хэрэг гэж бодож байна.
Монголын радио болон ХОУР-ийн хооронд байгуулсан мэргэжилтэн солилцох гэрээгээр хамгийн түрүүнд ирж ажилласан анхны мэргэжилтэн бол Толь гуай байлаа. Арван зургаан наснаасаа хувьсгалд оролцон нийгэм журмын хатуу дэгдэмд хатуужсан энэ сайхан буурал мэргэжилтэн маань бидэнд их зүйл зааж сургасныг бахархан дурсахгүй байхын аргагүй. Монгол улсын хөгжлийн хамгийн ээдрээтэй хүнд үед манай редакцид ирж ажилласан Цэцэн, Баясгалан нартаа ихэд талархаж явдгаа энэ сайхан өдөр хэлэхэд таатай байна. Эрдэмт гуай маань их өвөрмөц мэргэжилтэн байлаа. Материал засахдаа бичсэн зүйлсийг минь шаржигнатал дарж хаячихаад зөвхөн хэлэх гэсэн утгыг нь аваад яг жинхэнэ хятад найруулга болгон өөрчилж орхидогсон. Тийм их зүтгэл гаргаж засаж залруулсан зүйлсээс нь даанч бага суралцсандаа одоо туйлын харамсаж гэмшиж явдаг шүү. Буян, Сайн-Өлзий зэрэг мэргэжилтнүүд маань манайд ажиллаж байхдаа манай техникийн шинэчлэлд ч бас анхаарч байсныг дурдууштай. Мөн танай редакци олон сайхан чадалтай залуусаар эгнээгээ өргөжүүлсэн гэж дуулсан. Танай редакцийн ирээдүй ийм найдвартай гарт байгаад их баярлаж байна.
Ингээд та бүхэндээ баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Дурсамж бичсэн А.Уранчимэг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |