|
|
||
20141203Dashdamba.mp3
|
Цэрэнжамцын Дашдамба: МҮОНР-гийн Мэдээллийн Хурд агентлагийн дарга. Яруу найрагч, сэтгүүлч.
Цэцэн ярьдаг юм. Бүр нэг ажил хэрэгч гэдэг нь, аргагүй юм аа. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн тавин жилийн ой болох гэж байгаа учраас, тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүдтэй ярилцлага хийх гэнэ. Бас бичгээр авах гэнэ дээ. Би дуртай нь аргагүй хүлээн авлаа. Тэгэхгүй яадаг юм. Миний амьдралын нэгэн он, сэтгэлийн гүн дэх тодоос тод дурсамж минь юм чинь. Хамгийн гол нь Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн хамт олон сэтгэлийн гүнд минь хамгийн сайн сайхнаар дурсагддаг юм. Сайхан хамт олон. Хэзээ хойно охин минь Солонгост бөөрөө солиулах болоод мөнгө төгрөг хүрэхгүй сандарч явахад эд маань л өглөгийн сэтгэлээ дэлгэсэн. Тэр бүгдийг мартахын учиргүй. За за, тэгээд олон долоон юм ярихынхаа оронд Бээжинд бичсэн тэмдэглэлийнхээ нэгээхнийг толилуулъя.
Өнөөдөр 2008 оны 09-р сарын 14. Гадаа намар налайжээ. Ийм л нэг дун шаргал намрын гэгээн өдөр Бээжинд дөрөө мулталснаас хойш дөрвөн улирлыг юүлж, хүслээ элдэн нарыг тойрлоо. Одоо "Наран тойрог" битүүлэх нэвтрүүлгээ бэлтгэж сууна. Энэ нэрний дор гучин гурван цуврал нэвтрүүлгийг сонсогчдоо хүргэсэн юм. Тэнд БНХАУ-д ирээд сэтгүүлчийн нүдээр харсан, бодсон, дүгнэсэн минь сэтгүүлчийн бичлэгийн эссэ, нийтлэл, бодрол, ярилцлага, сурвалжлага бүх л төрлөөр бичиглэгдсэн. Тэнд нар, салхи, тэнгэр, газар, ус, агаар, ой, бүх төрлийн зам, бүтээн байгуулалт, үүх түүх, өндөр хөгжил, сонин содон үйл явдал бүгд багтсан.
Хүлэг минь уяан дээр эргэцнэ.
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санасан нутгаадаа мордохын өмнө, хүмүүний дээд ижийдээ очихын өмнө надад бас эргэж харах, бодох юм байна аа. Ганзагалаж ирсэн богцоо юугаар дүүргэв гэж. Миний богцны нэг нь сэтгүүлчийн хөдөлмөр, нөгөө нь найрагчийн сэтгэлийн эгшиглэнг багтаасан байх учиртай. Ямар ч атугай аль ч улсын сэтгүүлчийг уйдаахгүй өнгөрүүлэх, оволзсон мэдээлэлтэй жил тохиолоо, энэ оронд. Ерөөс ХОУР-д ажилласан энэ цаг дор миний хувьд төдийгүй, БНХАУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх олон үйл явдлын гэрч болох онцгой содон хувьтай байв аа.
"Газар хөдөлсөн ч халуун хайрын сэтгэл хувирахгүй."
Ийм бүлээн дулаан үгтэй дурсгалын гэхэд ч хаашаа. Гэлээ ч насан турш хадгалж явах, насан турш харж, санаж байх учиртай бичиг надад бий. Сычуаны газар хөдлөлтөнд нэрвэгдсэн ард түмэнд тусалсанд талархсан сэтгэлийн илэрхийлэл байгаа юм. Миний хандив дусал төдийхөн дөө. Гэлээ ч сэтгэлээ шингээсэн юм аа. 2008 оны 5-р сарын 12-ны 14 цаг 28-н минутыг дэлхий ертөнц тэр дундаа хятадын ард түмэн мартахгүй. Мартахын учиргүй. Тэр Даваа гаригт, тэр цагт, тэр минутад Сычуанд газар хөдөлсөн. 8-н баллын хүчтэй газар хөдлөлтөд "энэ 8-р сарын 14-ний 12 цагийн байдлаар 69225 хүн амь үрэгдэж, 17924 хүн сураггүй алга болсныг нотоллоо" гэж өнгөрсөн сарын 15-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж билээ. Та миний саяын иш татсан хэдэн тоог эргээд сана даа. Би ахиад хэлье. Чадвал тогтоогоод аваарай. СЫЧУАНИЙ ГАЗАР ХӨДӨЛТӨД 69225 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 17924 ХҮН СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН гэдгийг. Энэ бол хүн төрөлхтөн мартахын учиргүй асар их уй гашуу, эмгэнэл, харуусал.
ХОУР-ны 9-р сарын 4-ний мэдээ энд, миний ширээн дээр байна. Тэнд Хятадын Вэнчуаний газар хөдлөлтийн мэргэжлийн комиссын орлогч дарга Ши Пэйжюнь 4-ний өдөр хэлэхдээ "Вэньчуаний газар хөдөлтөд Сычуан, Гансү, Шаньши 3 мужид нийт 845 тэрбум 100 сая юаний эдийн засгийн шууд хохирол учирснаас Сычуань мужийн хохирол нийт хохирлын 91 хувийг эзэлж байна" гэжээ. Урьд нь бас нэг мэдээнд дурдаж байсан "дээрх 3 мужийн 17923 аж үйлдвэр гамшигт өртсөн" гэж. Мөн аймаараа... Газар хөдөлж, гамшигт учирсан тэр цаг минутаас л Хятадын төр засаг, ард түмэн тэр аяараа тэр хар гамшгийг эсэргүүцэн тэмцсэн. Бүх хүн төрөлхтөн тэр аяраа Хятадын ард түмэнтэй хамт боссон. Энэ оны 8-р сарын 14-ний 12 цагийн байдлаар хятадын бүх шатны засгийн газар газар хөдлөлтийн гамшгаас авран туслах сэргээн босгоход 64 тэрбум 400 сая юань гаргав. Бас Хятад улс дотоод гадаадын олон улс орон, олон улсын байгууллага, ард түмний хандивласан 59 тэрбум 200 сая юанийг хүлээн авч, гамшгийн бүсэд 23 тэрбум 800 сая юанийг нь шилжүүлсэн гэж мэдээлж байлаа. Одоо газар хөдлөлтөнд өртсөн бүсэд сэргээн босголтын ажил цаг нартай уралдан ид явагдаж байна. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жү Жишинь 8-р сарын 27-нд хэлсэн юм аа. Хятад улс Сычуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажлыг өдрөөс өдөрт улам ахиулж 3 жил хүрэхгүй хугацаанд гол зорилтоо биелүүлнэ гэж. Чаднаа, чадна. Хятадын хөдөлмөрч ард түмэн. Лавтайяа чадна. Цагаан хэрэмийг босгосон ард түмэн шүү дээ.
Тэнгэрийн зуд
Газрын гамшиг хаварт ингэж нүүрлэсэн байхад, өнгөрсөн өвөл Хятад оронд сүүлийн 22 жил тохиогоогүйгээр хүйтэрлээ. 2008 оны дараах нь, тодруулбал: 1-р сарын дунд 10 хоногоос тус орны хэсэг нутагт зуд болж зам, харилцаа, эрчим хүч,.. үгүй ээ ер нь бүх л салбарт хүндрэл учруулж, ард түмний амьдралд чамгүй гарз учруулсаан. Хятадын Иргэний Засаг Захиргааны яам энэ оны 2-р сарын 23-нд "Энэ өвлийн зуд нь Хятадад 150 тэрбум сая юаний эдийн засгийн шууд хохирол учрууллаа" гэж мэдээлсэн юмдаг. Тус яамны сайдын орлогч Ли Лигүө тэр өдөр, зудад 129 хүн амь насаа алдаж, 4 хүн алга болсон. 11 сая гаруй га талбайн ургац алдлаа гэж дурдаж байсан. Өнгөрсөн өвлийн зуднаас учирсан гарз хохирлыг хятадын ард түмэн одоо нэгэнт даван туулсаан. Тэнгэрийн зуднаас гадна усны аюул гэж бий, хүмүүн бидэнд. "Рень мин ри бао" сониноос иш татаж, "...8-р сарын 31-ны байдлаар энэ онд Хятад улсад үерийн гамшгаас 72 тэрбум 100 сая юаний эдийн засгийн шууд хохирол учирлаа. Үерийн улмаас 6 сая 600 мянган га ургац алдаж, 370 мянган гэр байшин нурж, 436 хүн амь насаа алдсан"-г ХОУР, 9-р сарын 2-нд мэдээлж байсаан. Газар, тэнгэр, усны ийм гашуун зовлонг хамт тууллаа,нарыг тойрохдоо...
Баярлалаа Бээжин, баяртай. Лондонд уулзацгаая.
8 оны 8-н сарын 8-ны оройн 8 цаг 8 минутад дэлхий ертөнцийн бүх мэлмий, сонорыг мялааж сүрлэг бадрангуйн туйлаар нээлтээ хийсэн хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны 29-р их наадам, өнө эртний түүхт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр орой буюу 8-н сарын 24-ны оройн 8 цагт хаалтын ёслолоо хийлээ. Нээлтийн ёслолоороо цэнхэр гаригийн бүх сэтгэлийг хөвсөлзүүлэн догдлуулсан шигээ Бээжингийн олимп, хаалтаа ч үзсэн, сонссон бүхний нэгэн насанд мартахааргүй гүн гүнзгий сэтгэдэл үлдээлээ. Бүтэн 16 хоног спортын 28 төрлөөр 302 багц медалийн төлөө өрсөлдсөн дэлхийн хамгийн мундагууд, хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэйгээ шалгаруулаад нутаг нутгийн зүг хүлгийн жолоо эргүүлж байна. Тэд Бээжинд "Сайн явж ирэв үү? Танайхан хэдүүлээ ирэв" гэж асууж, уулзалдаж байсан бол өнөөдөр "За хэдэн медальтай буцаж байна?" хэмээн лавлаж, бие биендээ баяр хүргэж, тэврэлдэн салж байна. "Алтан" гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Бээжингийн олимпын наадамд 204 бүс нутаг, эх орноо төлөөлөн оролцсон 16000 гарай албаны хүмүүс, тамирчид бүгд "Баярлалаа Бээжин, баяртай. Эргээд Лондонд уулзацгаая" хэмээн гар даллан мордож байна.
"Наран тойрог" нэвтрүүлэг өнгөрсөн 32 дугаартаа өдрөөс өдөрт улам эрчээ аван хурдалж буй Хятад орны бүх л салбарын хөгжлийг товчхон ч гэлээ багтааж, хүмүүсийн сонорт хүргэх юмсан гэж аминдаа л хичээсэнсэн. Хүмүүст дуслын төдий ч мэдээлэл өгөө болов уу? Яагаа бол... Уяан дээр эргэцэх хүлэг мориндоо дөрөөлөхийн өмнө бодож сууна. Хоногт 3,76 сая торх нефть үйлдвэрлэж, дэлхийд айрагдаж яваа Хятад оронд, жилд 276 тонн алт олдворлож дэлхийд тэргүүлж байгаа Хятад оронд нарыг бүтэн тойрохдоо, тэр тусмаа ХОУР-д ажиллахдаа тус улсын талаар юу шинээр мэдэв гэдгээ. Би энэ орны тухай ам бардам ярих зөндөө юмтай хөөн. Ертөнц тэр аяараа шагшиж байгаа урьд өмнөх үе үеийн наадмаас оролцсон орон, тамирчид, тогтоосон амжилт, бэлтгэл, зохион байгуулалт, бүх л талаараа тасархай "ЭГНЭШГҮЙ" олимпын тухай биш, одоо хүн төрөлхтөн ширтэн суугаа параолимпын ч талаар биш, бусад гэхдээ ганц нэгхээн зүйлсийнх нь талаар товч, товчхоон эргэцүүлжээ сууна.
Хятад улс ирэх жил дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн орон болж мэдэх нь.
Рэнь Минь Ра сонин өнгөрсөн сарын 13-ны дугаартаа ингэж бичсэн байна. Тэнд үүний учрыг Америкийн эдийн засгийн өсөлт буурснаас болж 2009 онд Хятад улс Америкийг гүйцэж дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болж мэдэх нь гэж тайлбарлажээ. Энэ нь урьдчилан тооцоолж байснаас 4 жилийн өмнө болох нь гэжээ. Америкийн нэр хүнд бүхий Globai lnsight-ийн төсөөлж байгаагаар ирэх жил дэлхийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 17 хувийг Хятад, 16 хувийг Америк эзэлнэ. 1990 онд Хятадын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ дэлхийн нийт үйлдвэрлэлийн 3 хувийг л эзэлж байсан гэдэг. Гэтэл 20 хүрэхгүй жилийн дараа аж үйлдвэрлэлээр тэргүүлэх нь гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна шүү дээ.
5-н жилийн дараа дэлхийн хамгийн урт хурдны төмөр замаар та зорчоорой.
Энэ хавар, 4-р сард Бээжин-Шанхайн хурдны төмөр зам барих ажлаа эхэллээ. 1300 км-ээрээ дэлхийн хамгийн урт гэгдэж байгаа энэ хурдны төмөр замд 220 тэрбум, 900 сая юаний хөрөнгө оруулалтаар босох юм. Хамгийн гол нь үүний зураг төсөл, инженер техник, тоног төхөөрөмж бүх л зүйлийг Хятад улс бие даан хийж байгаа юм. Та 5-н жилийн дараа Бээжинд ирээд Шанхай руу хурдны галт тэргээр явбал ердөө 5-хан цаг л зарцуулах ажээ. Дэлхийн хамгийн урт гэснээс дэлхийн хамгийн том Хөх мөрний Гурван хавцлын цогцолбор өнгөрсөн сарын 7-ны байдлаар 248 тэрбум гарай киловатт цаг цахилгаан гаргаж, үерээс сэргийлэх, цахилгаан гаргах, усан тээврийн талаар үр ашгаа нэгэнт өгч эхэллээ гэж мэдээлж байсныг би боджээ сууна. Ерөөс хүн төрөлхтөн нар, ус, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар их ярьж, их ч зүйл хийж байна. Хятадад ч мөн ялгаагүй. Нөгөө л хамгийн том гэснээс л үүдсэн бодол юм аа даа, энэ янз нь.
Хятадын баруун хойд нутгийн Ганьсү мужийн Жючуань хотын Хөгжил, өөрчлөн байгуулалтын хорооны нэгэн хариуцлагатан өнгөрсөн 5-р сарын 4-нд Жючуань хотынхон салхины эрчим хүч ашиглан цахилгаан гаргах дэлхийн хамгийн том бааз байгуулах ажлаа эхэлснийг мэдэгдэж байсан юм. Тус нутаг салхины эрчим хүч гаргах нөөц боломж ихтэй газруудын нэг ажээ. Цаг уурын шинжилгээний байгууллагын үнэлгээнээс үзвэл, тус хотын салхины эрчим хүчний нөөц нь 150 сая киловатт бөгөөд түүнээс 40 сая киловаттыг нь ашиглах боломжтой гэнэ. Эднийхэн 1996 оноос салхины эрчим хүчийг ашиглаж, одоогоор 5 том станц байгуулж, хүчин чадал нь 410 мянган киловаттад хүрээд байгаа гэдэг. Хятадын дэлхийд хамгийн, хамгийн гэх мэдээлэл ч эдгээрээр дуусахгүй л дээ, уул нь.
Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд.
Хятадын Үндэсний Өөрчлөлтийн Хорооны орлогч дарга Дү Ин: "Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд бүх салбарт, бүх давхаргад гадаадад нээлтэй байлгах тогтолцоог өргөн цар хүрээтэй бүрдүүлж, дотоод гадаадын зах зээл, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулж, олон улсын өрсөлдөөнд оролцох хүч чадлаа ихээхэн нэмэгдүүлсэн" гэлээ. Тэрээр өнгөрсөн 5-р сарын 5-нд Төв нутгийн Ү хань хотод болсон Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн ажлын үр дүнгийн талаарх зөвлөлгөөн дээр ингэж дүгнэж байсан юм. Тэрээр бас "1978-2007 онд Хятадын ашигласан гадаадын хөрөнгө нийт 760 тэрбум ам долларт хүрч, хөгжиж буй орнууддаа 1-д, дэлхийд 2-т орсон юм. Өдгөө дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 480 нь Хятадад хөрөнгө оруулж байна гэж дурдаж байв. Мөн 1978-2008 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ 20 тэрбум 640 сая ам доллар байснаа 2 трилион 1 тэрбум 700 сая ам долларт хүрч дэлхийд 22-т байсан бол одоо 3-рт орсон гэж Дү Ин тэмдэглэж байсан. Тийм ээ. БНХАУ бүх л салбарт үсрэнгүй амжилт олсон "Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн" 30-н жилээ энэ өвөл тэмдэглэнэ... Энэ том юм болно оо.
Ц.Дашдамба. 2008.09.14
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |