|
|
||
20141203Chuluunchecheg.mp3
|
Д.Чулуунцэцэг: МҮОНР-гийн ахмад сэтгүүлч, СУИС-ийн РТС-ийн багш
- Та өөрийгөө манай радиотой холбоотой болсон түүхээсээ сонирхуулна уу?
- Баярлалаа, би өнөөдөр өнгөрсөн цаг үеэ эргэн дурсаж байгаадаа их баяртай байна. Магадгүй, би манайхан дундаасаа танай радиотой хамгийн анх танилцсан танил нь, анхных нь зочин байж уу даа гэж бодож сууна. Яагаад гэвэл, 1989 оны намар Бээжингийн Хэлний дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр сурч байх үедээ ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийн 25 жилийн ойд уригдан оролцож, баярын хуралд үг хэлж байлаа. Энэ цаг үеэс авч үзвэл өнөөг хүртэл та бүхэнтэй 25 жилийн турш тасралтгүй холбоотой явж иржээ.
- Бүр тодруулж сонирхуулна уу...?
- Бүр анх гэвэл, 1991 онд манай хоёр радио хамтран ажиллах гэрээ байгуулахаар Монголд ирсэн танай радиогийн анхны зочин төлөөлөгчид УБ хотоор хийсэн аялалд нь би замчлагчаар ажиллаж байлаа. Энэ ажлын минь гэрч болсон олон сайхан гэрэл зураг надад бий. Ингээд манай хоёр радио өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр мэргэжилтэн солилцож эхэлсэн цагаас манайхан танай радиог илүү сайн мэдэх болсон байхаа. Харин би энэ өнгөрсөн цаг хугацаанд, тэр дундаа эхний жилүүдэд манай орны тэмдэглэлт үйл явдалтай холбогдуулан цуврал нэвтрүүлэг бэлтгэн танай радиод илгээж, мөн танай радиогоос манай радиод илгээсэн олон нэвтрүүлгийг зохиомжлон бэлтгэж, монголын өргөн олон сонсогчдод хүргэдэг байлаа. За бас, Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн урилгаар монголын бяцхан хүүхдүүдийн аяллын удирдагч багшаар Бээжин хотод айлчлах үедээ хуучин танилын хувьд та бүхэнд хэл дуулгаж, бяцхан зочдынхоо хамт танай радиогийн сурвалжлагчид яриа өгч, танай нэвтрүүлгийн зочин болж явлаа.
- Нээрэн та манай радиотой тасралтгүй холбоотой байжээ дээ?
- Тийм шүү, нэг утгаар би өөрийгөө танай радиотой хамгийн олон жил хамтран ажилласан, өнөө ч бас холбоотой байгаа хүн гэж боддог шүү. Хөгжилтэйгээр хэлбэл, би танай радиогийн Монгол дахь "сайн дурын төлөөлөгч" юм уу даа.
- Ингэхэд та хэдэн онд манай радиод мэргэжилтнээр ирсэн билээ дээ?
- 2008 оноос 2009 он хүртэл танай радиод мэргэжилтнээр томилогдож очсоноор "эчнээ" буюу "сайн дурын ажилтан" байсан хүн танай радиогийн албан ёсны мэргэжилтэн, бас сурвалжлагч нь болж жинхэнэ ёсоор энэ биеэрээ нэвтрүүлэг бэлтгэх болсон доо. Ажиллаж байх хугацаандаа танай радиогийн интернет хуудсанд өөрийн булантай болж, нэвтрүүлгээ байршуулж монголынхоо сонсогч, уншигч нарт хүргэж, олон найз нөхөдтэй болсон доо.
Өө бас, хятадын хөгжил дэвшлийг сэтгүүлчийн нүдээр үзэж харж бичсэн "Хятадын хэмнэл" цуврал, мөн бусад олон нэвтрүүлгээ Монголын радиогоор тогтмол нэвтрүүлж, өргөн олон сонсогчиддоо хүргэж байв. Магадгүй энэ ч нөлөөлсөн үү, танай радиог сонирхож "Өдрийн сонин", "МОНЦАМЭ" –гийн сурвалжлагчид над дээр ирж ярилцлага авч байлаа. Энэ нийтлэлийн талаар Бээжингийн их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн төвийн дэд профессор Ёо Кө Чөн гэдэг хүн "Хүмүүс хоорондын соёлын харилцааг өргөтгөж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх нь" сэдэвт илтгэлдээ дурдахдаа: "2010 оны 4-р сарын 21-ны "Өдрийн сонин"-нд "Хятадын олон улсын радио нэгэн чинээлэг вант улс" нэртэй ярилцлага гарсан байв. Би энэ ярилцлагыг үзээд их догдолсон. Учир нь Чулуунцэцэг хатагтай Хятадын олон улсын радиод ажиллаж байх цаг үеэ бодитойгоор яриад зогсохгүй, ялангуяа Өвөрмонголын Шилийн гол аймгаар аялах замдаа төрсөн бодол сэтгэгдлээ ярьсан байв. Тэрээр Шилийн гол аймгийн ардын аж амьдрал, хэл ярианы талаар онцлон ярьсан нь хятад, монголын иргэд харилцан бие биенээ ойлголцол, харилцан итгэлцэлд ихээхэн үр дүнтэй сайн зүйл хийсэн гэж үзэж байна" гэж бичсэн байсныг уншаад би их баярлаж суулаа.
- Манай радио таны энэ аяллын үр дүнг 4 зүйл дээр онцолж, үнэлгээ өгч байсныг би санаж байна. Түүнээс гадна та анх манай радиогийн 25 жилийн ойд уригдан оролцож, дахиад 20 жилийн дараа буюу 45 жилийн ойн олон арга хэмжээнд гар бие оролцож, ойн цуврал нэвтрүүлгийг бидэнтэй хамтран бэлтгэж байсан даа. Энэ талаар тодруулж сонирхуулна уу?
- Тийм шүү. Ойн баярын үеэр танай радиогоос зохион явуулсан симпозиумд илтгэл тавьж байлаа. Ер нь би танай радиод мэргэжилтнээр ажиллаж байсан хэдий ч маш олон зүйлийг шинээр сурч, мэдэж авсан гэж боддог юм. Тухайлбал Хятадын улс тунхагласан 60 жилийн ойг угтаж танай радиогоос зохион явуулсан "Найман замын аялал"-ын хойд бүс нутгаар аялан сурвалжлах багийн бүрэлдэхүүнд оролцож явахдаа зарим ярилцлага, сурвалжилгаа утсаар шууд дамжуулж, шинэ цагийн радио нэвтрүүлгийн гайхамшгийг мэдэрч явлаа. Бас Бээжин хотод аялж явсан олны танил дуучин Дэлгэрмөрөнтэй утсаар шууд ярилцлага хийж шинэ цагийн сурвалжлагчийн ажил албыг гүйцэтгэж явлаа. Өнөө ч эл ярилцлагаа би сургалтын материал болгон ашиглаж оюутнуудад орчин цагийн радио нэвтрүүлгийн гайхамшгийг танилцуулж явна. Надад ийм сайхан боломж олгож, сургаж дадлагажуулсан танай радио, танай хамт олонд баярлаад баярлаад барахгүй билээ.
- Тэр ойн баярын нэвтрүүлэг манай радиогоор нэвтрэх үед би монголд ажлаар ирчихээд сонсож байснаа санаж байна. Тиан Ан-мений талбай дээр болж байгаа баярын парад жагсаалыг талбай дээрээс Алтаннавч шууд дамжуулж, студиэс манай Урьхан та хоёр түүнтэй шууд холбогдож их сонирхолтой нэвтрүүлэг хийж байсан даа?
- Тиймээ, энэчлэн их олон зүйлийг дурсан ярьж өөрийгөө дахин шинээр нээх боломж олгосон танай радиод дуулгах үг надад олон бий.
- Үүнээс гадна энэ бүгдийн дундаас онцлох нэг зүйл бол та манай ХОУР-ийн 2008 оны шилдэг нэвтрүүлэг шалгаруулах уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд уригдаж, тун амжилттай ажилласан шүү дээ. Манайхан танд их ам сайтай байсанд би өөрийн эрхгүй баярладаг юм.
- Тийм шүү. Энэ томилолт надад өөрийгөө таних, нээх, үнэлэх том боломж өгсөн гэж боддог. Үүнээс гадна та бүхэн Хятадын төвийн радио дээр зохион байгуулсан Өвөр Монголын газар газраас ирсэн радиогийн төлөөлөгч нарт радио нэвтрүүлэг, радио сэтгүүлчийн ажлын онцлогийн тухай лекц унших сайхан боломжийг надад олгосон. Энэ сайхан эхлэл намайг улам ч зоригжуулж, багш болох замыг минь тавьж өгөхөд нөлөөлсөн гэж боддог шүү.
- Нээрэн та одоо Монголын РТС-д багшилж байгаа шүү дээ?
- Тийм ээ, танай интернет радио, мөн тэнд байршуулсан миний блог хуудас миний сургалтын нэг чухал материал болж байдаг юм. Нэг үгээр миний танай радиод ажиллаж байсан цаг хугацаа би та нарт зааж сургахаас илүүтэй, их зүйл сурч мэдэж, өөрийгөө таньж нээх сайхан боломжийг надад олгосон гэж боддог. Бас нэг баяртай, танай радиотой холбоотой зүйл гэвэл та бүхэнтэй хамтарч бэлтгэсэн миний хоёр нэвтрүүлэг 2, 3-р байранд орж, ХОУР-ийн хүндэт үнэмлэх хүртсэн. Үүнийгээ би их том шагнал гэж үздэг. Энэ шагналаа хүлээж авсан цаг хугацаа бас их сонин...
- Сонирхуулаач...?
Миний томилолтын хугацаа оны өмнө дуусаад нутагтаа ирчихсэн байлаа. Тэр үед "Найман замын аялал"-д оролцсон бүх сэтгүүлчдийн бүтээлийг шалгаруулж, хойд нутгийн аяллынханы бүтээлээс бидний хоёр бүтээл шалгарч 2, 3-р байранд орсон тухай мэдээ надад ирлээ. Ямар их баярласан гээч. Тэгээд шагналын үнэмлэхийг, мөнгөн урамшуулалтай нь хамт танай радиогийн залуу уран бүтээлч, нэг үгээр миний шавь Алтаннавч УБ-т ирэхдээ авчирч, радиогоо төлөөлөн надад баяр хүргэж, гардуулан өгч байлаа. Би энэ шагналдаа маш их сэтгэл хангалуун байдаг. Олон улсын шагнал хүртэж байсан цаг үеэсээ ч илүү баярлаж байсан шүү. Энэчлэн танай радиод ажиллаж байсан томилолтын хугацаа минь өөрийгөө таних, үнэлэх асар их боломжийг надад өгсөн гэдгийг дахин дахин хэлье.
- Алтаннавч гэснээс таны олон шавь манай радиод бий шүү дээ?
- Нээрэн тийм. Уртнасан, Хүчит, Алтанхуар, Сарантуяа, Анар... гээд олон сайхан авьяаслаг залуус бий. Ингээд шавь нартаа болоод бусад мэргэжил нэгт хөдөлмөрч нөхдөдөө, бас ахмад үеийнхэнд тань ойн баярын халуун мэндийг өргөн барьж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
- Баярлалаа, таны цаашдын уран бүтээл болоод залуу сэтгүүлчдийг бэлтгэх ажил үйлсэд тань улам их амжилт хүсэн ерөөе!
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |