• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дурсамж мэндчилгээ

CRI       (GMT+08:00) 2014-11-30 16:35:58

С.Энхцэцэг:
2006-2008 онд Хятадын Олон Улсын радиогийн монгол хэлний редакцид мэргэжилтэн сэтгүүлчээр ажилласан.

Бээжин хотноо ажиллах хугацаандаа "7 хоног" нийгэм улс төр, эдийн засгийн тойм нэвтрүүлэг, "Шилдэг 10" хөгжмийн нэвтрүүлэг, "Хятадын шинэ үеийн уран зохиол" зэрэг нэвтрүүлэг, булангуудыг санаачлан бэлтгэж хөтөлж байсны зэрэгцээ мэдээ, материал редакторлах үүрэгтэй ажилладаг байв. Мөн "Хятад орон харийн хүний нүдээр" нэвтрүүлэгт 7 хоног бүр булан хөтөлж, нийтлэлүүд маань редакцын вебсайтад тавигддаг байсан.

"Хятад орон харийн хүний нүдээр" цуврал, "Хятадын шинэ үеийн уран зохиол" нэвтрүүлгүүд надад Хятадын соёл түүхийг судлах, эдүгээ цагийн онцлог үйл явдлуудыг сурвалжлах, эгэл олны амьдралтай танилцах боломжийг нээж байсанд би олзуурхаж явдаг юм.

Бээжинд амьдрах хугацаандаа Сычуань, Гүйжоү, Чиндао, Өвөр Монгол муж нутгууд болон Шанхай, Хонконгоор албан томилолт хийгээд хувийн аяллаар явж Хятад улсын соёл, түүхийн онцлогийг үзэж мэдрэх хорхойгоо дардаг байж. Аялал бүрийнхээ дараа нүдээр үзэж мэдэрснээ түүхэн баримт сэлт, Хятад улс руу хандсан дэлхийн чиг хандлага зэргээр баяжуулан нэвтрүүлгээ бэлтгэнэ. Нэвтрүүлгүүд маань энгийн амьдралын деталиудаар дамжин нарийн чанагш асуудлыг хөнддөг байснаараа онцлог байсан болов уу.

Дэлхийн тэргүүлэх орны түүхийн хамгийн сонирхол татахуйц, мандан бадрал, сүр хүч хийгээд уй гашуу, алдаа оноо зэрэгцсэн он жилүүдэд тэнд амьдарч, үйл явдлын дунд амьсгалж, үзгээ хурцлан суух боломж тохиосонд баяртай явдаг. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх орнуудын нэгд зүй ёсоор тооцогдох болсон түүхийн хуудаснууд, Сычуаны газар хөдлөлт хийгээд түүнийг эв нэгдэл, зориг хатуужлын тэмцэл болгон нийт ард түмнээрээ хуваалцан туулсан хүнд өдрүүд, Бээжингийн Олимпын бамбарыг асаан дэлхий дахинаа сүр хүчээ дуурсгасан суу алдрын өдрүүд гээд олон үйл явдлыг сэтгэлд минь тод тэмдэглэж өгчээ.

Эдгээр түүхэн үйл явдлын зэрэгцээ Сычуаны Волонд байдаг панданы тосгонд харсан нүсэр биетэй ч өрөвдөм харцтай панданууд, Жангарын туулиас хайлж өгсөн Шинжаан нутгийн монгол оюутан, Чингис хааны угсаатай ч хэлээ мартсан Бээжин эмээ, Шувууны үүр марафоны хамаг таамгийг эвдэн түрүүлэн орж ирсэн Монгол Улсын гавьяат тамирчин Сэр-Одын хөлсөө дуслуулан зогссон агшин гээд олон үйл явдал хэзээ ч мартагдахааргүй сэтгэлд үлджээ.

Бээжинд би олон найз нөхөдтэй болсны дотор угсаа гарвал, түүх ахуй нэг Өвөр Монголчууд хийгээд Хятад дахь монгол угсааны хүмүүс багтаж буй. Тэдний тухай илүү гүнзгий ойлголт сэтгэгдэлтэй болсон маань олзуурхууштай. Эдүгээ миний бие төрөлх Улаанбаатар хотдоо ажиллаж амьдарч байгаа ч нэгэн үйл хэргийн төлөө хамтран ажиллаж байсан Хятадын Олон улсын радиогийн монгол хэлний редакцын хамт олноо ямагт дурсан санаж явдаг. Та бүхэндээ Монгол хэлний редакц үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн халуун мэндийг хүргэж сайн сайхны дээдийг ерөөе.

С.Энхцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе