• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дурсамж дүүрэн таван жил

CRI       (GMT+08:00) 2014-11-30 16:41:15

Д.Мөнхжаргал: МҮОНР-гийн хятад хэлний орчуулагч-редактор

ХОУР-д ажиллахаар Бээжин хотноо анх хөл тавьсан 2009 он Хятад улсын хувьд онцгой жил байсан. Ядуу буурай орноос дэлхийн эдийн засгийн 2 дахь том гүрэн болсон 60 жилийн түүхэн амжилтыг дэлхий дахинд танилцуулахаар "монгол редакцийнхан" маань толгой өөд татахгүй ажилладаг тийм л үе байсан. Өдөртөө 30-40 мэдээ, улсын баярын өдөр бүүр 60 гаруй мэдээ орж байсныг санаж байна. Ажлынхаа цонхоор Тянь Аньмены талбайн тэндээс нүргэлэх нисэх онгоцны парад, ёслолын буудлага зэргийг хальт харчхаад л ажилдаа яарч өмнөх мэдээ рүүгээ "шумбаж" байснаа сайн санадаг юм. Үнэхээр радиогийн ажилд цаг нар гэж хэзээ байдаг билээ дээ, яг л малчид өглөөнөөс үдшийн бор хоног хүртэл хичнээн их завгүй байдагтай адил. Радио миний хувьд шинэ зүйл биш хэдий ч энэхүү шинэ орчинд газар газраас ирсэн элэг нэгт монгол нөхөдтэйгээ ажиллах нь их л сонирхолтой санагдаж байсан юм. Урьд нь Хятадын нутгаар хөндлөн гулд нэлээд тэнүүчилж байсан ч Өвөр Монголд Хөх хот, Эрээн зэргийг эс тооцвол огт очиж үзээгүй юм байна. Гэтэл энд бүхий л "Өвөр Монгол"-ыг төлөөлөхүйц 20 хүн намайг дотноор хүлээн авч, би гэдэг хүн тэндхийн нэгэн гишүүн болоод явчих нь тэр дээ. Хожим мөн л тэднийхээ буянаар Өвөр Монголын зүүн хойд хязгаарын Хайлаар, алс баруун хязгаарын Шинжааны Бортал хүртэл аялж билээ.

Бээжинд 5 жилийг өнгөрүүлжээ. "Нэг жил гэдэг хурдан юм. Шинэ газарт суурьшаад , дараа нь орчин тойрноо мэдэрч, ганц хоёр хятад үг хэллэг ойлгодог болоод өмнөд газрын бүгчим агаарт дөнгөж дасаж эхэлж байтал л буцах болчих юм" гээд халаглаж суусан бусад мэргэжилтнүүдтэй харьцуулахад үнэхээр энэ газар олон жил суужээ. Гэхдээ өдгөө эргэн санахад 5 жил миний хувьд яг тэдний нэг жил мэт харвасан сум шиг өнгөрсөн санагдана. Энэ жил 50 насны ойгоо тэмдэглэж буй Монгол хэлний редакцийн 5 жилд нь тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж байсандаа үнэхээр бахархаж байдаг юм. Энэ хугацаанд МҮОНР-ийн нэрт сэтгүүлч Д.Чулуунцэцэгээс эхлээд Д.Баяндорж, Ч. Саранчимэг, Б.Сонинчимэг, Э.Эрдэнэсувд, МонЦаМэ-гийн Б.Мөнхтуул гээд олон сайхан мэргэжилтэнтэй хамтран ажилласан. Тэднийг томилолтоо дуусгаад нутаг буцах бүрт л нэг жил ард хоцорсныг мэдэрдэг сэн. Ийм л асар хурдтай нийгмийн дунд үнэхээр цаг үетэй уралдан, яруу найрагчийн хэлсэнчлэн "Тоймгүй оддын зүг толгой өндийх завгүй" ажиллаж байснаа дурсахад үнэхээр сайхан санагдаж байна. Тэнд миний уран бүтээлийн минь биш гэхэд, залуу насны минь оргил үе өнгөрсөн байдаг.

Монгол хэлний редакцийнхан миний хувьд хуучин танил, хуучин анд нар минь юм даа. 1995 онд ажилд орсноос хойш энэ редакцийн "акулууд" гэгдэх Эрдэмт, Буян, Баясгалан, Цэцэн, Сайн-Өлзий нартай МҮОНР-д их бага хэмжээгээр сайхан хамтарч ажилласан. Мөн МУИС-д мэргэжил дээшлүүлэхээр ирсэн Цогзолмаа, Бүрэнбаяр, Рэнчинсоо, Урьхан, Дарамбазар нар ч мөн л миний хуучин андууд. Тэдэнтэй урьд Монголд байхдаа сайхан танилцан, ах дүү шиг дотноссон болохоор яг л хамаатан садан дээрээ ирсэн мэт санагдаж байсныг нуух юун.

Намайг ажиллаж байхад Пэрлэймаа, Урангоо, дараа нь Баясгалан ах маань цуварч увраад гавьяаныхаа амралтанд гарсан. Тэр хүмүүс энэ редакцийн голомтыг сахиж, галыг нь бадраалцаж өнөөг хүргэсэн гавьяатай хүмүүс ээ. Нэг л өдөр суудал нь эзгүйрэхэд тэднийг үгүйлээд ч байгаа мэт санагдаж, тэдэнтэй хичнээн их ойрхон байсан, мөн хожим нь ирсэн залуусаас ч илүү тэднийг мэддэг мэт санагдаж байж билээ.

5 жилийг дурсахад нүдний өмнүүр маш олон зураглалууд жирэлзэн өнгөрч байна. Жил бүрийн цагаан сараар уулзалддаг ахмадууд, бяцхан "НҮБ" гэж миний нэрлэх дуртай хар, шар, бор царайтай дэлхийн хүмүүсийг агуулж байдаг ХОУР-ийн төв байр, хэцүүхэн нэртэй Ба бао шань, Лүгү лү зэргийг маш тод санаж байна. Гэхдээ л энэ дундаас радиогийн 13 давхарт ажиллаж амьдардаг монгол хэлнийхэн хамгаас дотно байдаг юм.

Өдөр тутмын мэдээ, мэдээлэл сурвалжлага томилолтоос илүү хувийн найз нөхдийн харилцаа эргээд хамгийн тод санагдах юм даа. Энэ олон жилд та бүхэнтэй ууж идэж, наргиж цэнгэж байсан тэр хүрээ минь бүүр Үндэстний их сургуулийн Мандухай хүртэл тэлэгдсэн байх юм. Сүржин дүртэй ч хамгийн зөөлөн Гэрэлт дарга /хамгийн анхны томилолтоо Гэрэлт даргатай Яньтайд очсоноор эхэлж байлаа/, шулуун үгтэй Урьхан, чимээгүйхэн инээмсэглээд хажуугаар өнгөрсөн ч өнгөрөөд явсныг нь хэн ч мэдээгүй байдаг Болор, Уртаа, Гантөмөр /энэ 3-ийг зэрэгцүүлэн бичиж болох ч бас өөр өөр бодгалиуд/, надтай яг нэг жил ажилд орсон Алтанхуар, Анар, мөн хожим ирсэн Пүүжээ, Дүүрэн гээд олон залуус тэнд ажиллаж байгаа. Мөн эрчтэй золбоотой Хүчитбаатар, Алтаннавч, Төв радиогийн 2 бэр Сарантуяа, Ренчинсоо нарыг дурдахгүй өнгөрөх аргагүй.

Эхний жил Монгол хэлний радио хичээлийг шинэчлэх шаардлага гарснаар Номиннарс эгчтэй танилцах завшаан гарсан. Түүнээс хойш олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Миний анхны орчуулгын номыг хянан тохиолдуулж, түүнд гардаг нутгийн болон оноосон нэр зэргийг уйгагүй хөөцөлдөн олж өгсөнд өнөөг хүртэл талархаж явдаг юм.

Мөн 5 жилийн минь хөрш, үргэлж уран бүтээлээ дуулгаж сонсгож байдаг Г.Баатар найзыгаа дурсахад таатай байна. Сайрамын нуур гээд сайхан дууг нь сонсож сууснаа гэнэтхэн өөрөө тэр нуурын хөвөөгөөр алхаж явна гэж зүүдлээ ч үгүй. 5 жилийн 3 жилд нь надтай хамт Хятадын бүх нутгаар хөндлөн гулд аялсан, Аяллын цаг нэвтрүүлгийн редактор Ренчинсоодоо мөн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Ингээд л дурсамж гэдэг дороосоо хөврөөд байх шинжтэй. Цаг зав хэмнэх үүднээс энд хүрээд өндөрлөж байна.

Миний сэтгэлд Гантөмөрийн уртын дууны шуранхай, Баатарын уншиж өгдөг эх нутгаа санагалзсан сайхан шүлгүүд, Ренчинсоогийн Талын Монгол айл эгшиглэсээр байх амой. Гэхдээ өнгөрсөн цаг дээр биш гэдгийг дурдах хэрэгтэй.

Ингээд 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол хэлний редакцийн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.

Дурсамж бичсэн Д.Мөнхжаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе