• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дүнсгэр саарал Бээжингийн дөрвөн зуугаад хоног

CRI       (GMT+08:00) 2014-11-30 16:43:56

Би чинь бас нэлээд хэдэн жил Бээжингийн олон улсын радиод мэргэжилтнээр яван алдаад байсан юм. Аль 1980-аад онд оюутан байхдаа Дорноговь аймгийн төв Сайншанд нэг орсныг эс тооцвол урагшаа нэг их яваагүй. Хятад нутагт хөл тавьж үзээгүй хүн л дээ. Ер нь Эрээн хүрч үзээгүй монгол хүн бараг би л байсан байх. Тэгж тэгж 2011 оны 1-р сарын эхээр шийдвэр гарч бичиг сачгаа явуулсан юм. Ер нь бол гурван сард багтаад явчих байх гэсэн чигийг өглөө л дөө. Тэгээд л би чинь 3-р сарын 1-нээс ээлжийн амралтаа аваад амралтын дундуураа Бээжин явах учраас техник хэрэгслээ хураалгаад, ажлын хамт олноороо үдүүлээд, дайлуулж цайлуулаад гардаг юмаа. Тэгсэн чинь 3-р сард зөвшөөрөл нь ирсэнгүй. Тэр ч байтугай 4-р сарын дунд болтол ч хариу ирсэнгүй. Асуулгахлаар нь "Дээрээс бичиг нь бууж ирээгүй байна" л гэдэг. Тэгсээр байгаад амралтын хугацаа дуусаад нөгөө Бээжин явах хүн маань эргээд ажилдаа орлоо. 4,5 сар дуусаад 6-р сар гараад явчихлаа. Тэр үед баахан муу юм бодогдож байсан шүү. Бараг л намайг хятадад дургүй гэсэн мэдээлэл очсон юм болов уу? Ямар боловч намайг авахгүй юм байна. Мөрөөрөө ажлаа хийж явах минь гэж бодогдоод байдаг боллоо. Монголд ажиллахаар ирээд байсан ХОУР-ийн Монгол хэдний редакцийн дарга байсан, Цэцэн л "Ирнээ ирнэ. Зүгээр л хүлээж бай" гээд байсан болохоор жаахан горьдлого сүүмэлзээд байгаа. Тэгсээр 6-р сар шувтрах дөхөөд Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам дөхөөд ирлээ. Би бүр шуудраад баяр наадмаар сурвалжлага хийх сэтгүүлчдийн багийн бүрэлдэхүүнд ороод бэлтгэлээ хийж эхэллээ.

2011 оны 6-р сарын 26-ны үдээс хойш нэвтрүүлгээ хийгээд сууж байсан чинь МУСГЗ Бямбажавын Хүрэлбаатар, мөн МУСГЗ, яруу найрагч Цэндийн Чимиддорж агсан хоёр жаахан халамцуу ороод ирлээ. Тэгээд л "За чи яагаад явахгүй байна. Яасан ийсэн" л гэж байна гээд Мань хоёр инээд хөөр болсноо "За хө би нэг сэржим өргөе, тэгээд л чи шууд явчихна "гээд Чимиддорж агсан маань бараг дуусаж байсан шил архинаас хийгээд өглөө. Тэгээд "Наадхаа хүртчих, тэгээд дахиад сэржим өргөх нэг юм аваад ир. Тэгтэл чинь л зөвшөөрөл чинь хүрээд ирнэ" гэдэг юм. Тэгээд би яахав нөгөөхийг нь хүртчихээд гарч нэг шил архи авчирч өглөө. Мань хоёр бага чулуугаар их чулуу доргиосон улс болохоор сэтгэл өөдрөг байдалтай сууж байсан чинь Хятад хэлний редакцийн орчуулагч Сувдаа гүйж орж ирээд "Баяндорж ахаа таны зөвшөөрөл ирсэн гэнэ. Урилгыг чинь хүнээр ирж яваа гэж И мэйл ирлээ гэдэг юм. Мань хоёр бүр хөөрөөд дахин нэг юманд гүйлгэлээ намайг. Тэр бол цэвэр тохиолдол байсан уу эсхүл мань хоёр мэдчихээд намайг саасан уу бүү мэд. Тэгээд л нэгэнт баярын сурвалжлага гээд нэр өгчихсөн байсан юм чинь наадам өнгөрөөгөөд 7-р сарын 16-нд Улаанбаатараас Бээжин орох галт тэргэнд суусан юм.

Манайхан л болсон хойно гаргаж өгч байна гээд баахан юм болоод хүндхэн шиг явсан юмаа. 17-ны өглөө нар мандаж байхад арай гэж өөдлөөд цонхоор харсан чинь үнэхээр хахь өөр байдал угтаж байж билээ. Яахав социализмын үеийг бодвол хятад орон гэж тийм юм байдаг гэдгийг телевизээр үзэж байсан болохоор хэл тагнайдаа хөших нь гайгүй байсан ч итгэмээргүй, гайхаж бахархмаар юм олон тааралдаж билээ. Ердөө хадан уулыг олон газраар нүхэлсэн төмөр зам бол гайхаад барахгүй зүйл байсансан. Бас замд маш өндөр хадан уулыг давуулаад өндөр хүчдэлийн шугам тавьсан байсан. Эвгүй гишгэвэл нисэж үхмээр тэр өндөр цулгуй ууланд өндөр хүчдэлийн шонг яаж тогтоосон, тэр хүнд цахилгааны утсыг яаж сунгаж тэр шонд тогтоосон зэрэг санаанд ч багтахгүй байсан даа.

За тэгээд 14 цагийн алдад Бээжиндээ хүрлээ. Монгол улс шинээр авсан галт тэрэгний цувааны анхны зорчигчид нь тэр өдрийн зорчигчид байсан юм. Цоо шинэ бүх юм нь сайхан ажиллаж байсан болохоор сэрүүхэн сайхан яваад хүрсэнсэн. Бээжингийн галт тэрэгний буудал дээр ХОУР-ийн Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт, сэтгүүлч, Пүрэвжав, Монгол улсаас сууж байсан Пүрэвжав нар тоссон юм. Тэд ч миний ачааг аваад зүтгэлээ. Би дагаад л зүтгэлээ. Гараад ирсэн чинь толгой дээрээс нэг юмаар дараад авах шиг болоод юу юугүй л хөлс урсаад ирж байна. Хөл гишгэх газаргүй хүн бужигнээд л. Тэгээд л нэг шатаар уруудаад давхисан чинь үймээн самуун г болж байгаа юмуу баахан хүмүүс хашгиралдаад хэрэлдээд байх юм. Би хятад хэл мэдэхгүй болохор гайхахаас хэтрэхгүй. Тэгсэн мөртөө зодолдоод байгаа хүн харагдахгүй юмаа. Ядаж явж бас тэднийг хараад байгаа. Тэгсэн хөгшин маань хажуугаас нудраад юугий нь хараад байгаа юм, наадуул чинь тэгж хашгирч ярьдаг юм гэж билээ.

Тэгж Хятад оронд хөл тавиад ХОУР-ийн мэргэжилтний зочид буудал гэдэгт нь орлоо. Тэр өдөртөө Гэрэлт дарга тэргүүлэн баахан хоол архиар дайлаа. Оройдоо бас л муудаад унаад өгч. Өглөө босоод ирсэн чинь бүгчим халуунч гэж учир алга юу ч юм нэг юм чахарч дуугараад л хачин таагүй байна шүү. Тэгэхэд л орноосоо босоод цонхоор хойшоо харсан бөгөөд ер нь 365 хоногоос нэг хонолоо. Одоо 364 үлдлээ дээ гэхшүү юм бодогдож байж билээ. Эхний сар үнэхээр хэцүү байсан даа. Ажилдаа нэг юм очно. Та энэ хүмүүсийн юу хийхийг л харж бай. Нэг сар бол дадлагын хугацаа л гэнэ. Тэгээд л сууж байна. Надтай ярих хөөрөх завтай хүн ч байхгүй. Золоор Шинжаан нутгийн уриалгахан монгол хүү Нацагдоржийн Пүрэвжав маань мөн ч их тус болсон доо. Өдөр бүр шахам л ойр зуур дагуулж яваад ийм тийм юм үзүүлээд надаас ч юм их асуугаад өдөр хоногийг өнгөрөөж өгдөг байж билээ. Нэг сарын дараа ажилдаа ороод тэгээд л дасаад ирсэн дээ.

Бээжин ч аргагүй нүсэр бас цаанаа л нэг дүнсгэр хот доо. Ихэнх өдөр нь нар ч байхгүй тэнгэрт харагдахгүй дээшээ ч харсан хажуу тийшээ ч харсан нэг л дүнсийсэн саарал юм л байна. Ялангуяа хавар өвлийн улиралд бол хар цагааны газраас цааших бараа харагдахгүй, орог саарал униарт уусан алга болж байх нь нүд хүрэх газар алсын бараа харж сурсан монгол хүнд цухалдмаар байдаг юм билээ. Харин шуурга шуурч бороо орсны дараа бол тэнгэр болоод хойд Ян- жин хэмээх уулын дүр бараалаад ирэх нь аргагүй л үзэсгэлэнтэй шүү.

ХОУР бол үнэхээр агуу том байгууллага л даа. 60 гаруй орны хэлээр нэвтрүүлэг явуулдаг гэдэг байх шүү. Тэр дотор монгол хэл ороод монгол хүмүүс нэвтрүүлэг бэлдээд, монгол мэргэжилтэн очоод байгаа нь бас л бахархах сэтгэлийг төрүүлдэг юм даа. Сайхан ч мэргэжсэн хамт олон юм билээ. Анх би Алтаннавч, Урьхан гэж хоёр охинтой хамтран нэвтрүүлэг хийдэг байж билээ. Дараа нь Алтаннавч маань Монголд ажиллах болоод Анар бид хоёр хэд хэдэн нэвтрүүлэг хийсэнсэн. Сэтгүүлчийн болоод, техникийн асар өндөр чадвартай сайхан залуус байдаг юм билээ. Тэд маань үнэхээр монголоо гэсэн сэтгэлтэй, ар монголоос очсон биднийгээ их хүндэтгэдэг, бүхнийг мэддэг хүн болгон өргөмжилдөг нь их л сайхан санагдавч зарим үед асуусан, сурсанд нь бүрэн хариу өгч чадахгүй үе гарахад сэтгэл зовниж л байдагдаа.

Манай Пүрэвжав бол монгол залуус үлгэр авмаар монгол зантай, их чармайлттай хүү дээ. Анх ХОУР-д орохдоо кирилл бичиг мэддэггүй байсан бөгөөд намайг очих үед нэлээд алдаатай бичдэг байсансан. Намайг нааш ирэх үед нэг ч алдаа гаргадаггүй болсон байсан. Тэр их ажлын хажуугаар наддаа хөтөч хийгээд бас Шинжааны уртын дууг крилл үсэгт буулгаад номыг нь хадмаллаад агуу том ном нэг эрдэмтэнтэй хийгээд дууссан юм даг. Монгол залуус маань бүгд тийм мэрийлт хичээлттэй бол хөгжил ч энүүхэнд л юм билээ. ХОУР-ийн томилолтоор Зүүн хойд Азийн уулзалтад оролцож олон орны мэргэжилтний хамт Жилин мужаар сурвалжилж Тэнгэр нуурыг үзсэн маань завшаантай хэрэг болж билээ. Тэнд миний сурсан "гадаад хэл" болох манж хэлний эзэн буюу манж үндэстэн олон байдагч манж хэлээ бүгд мартсан нь жаахан урамгүй санагдаж байсан юм.

ХОУР-ийн монгол хэлний редакци бол Хятад улсын түүх соёл, улс төр эдийн засгийн байдал хийгээд, хятад хүний авууштай олон чанарыг монголчууд бидэнд танилцуулж авууштай олон санааг хүргэж байдгаараа манай хөгжлийн нэг эх булаг юм. Бас тэд маань мартагдаж яваа унаган монгол үгээр ярилцах, бичих нь их тул хойшдын мэргэжилтнүүд тэр чиглэлд нэлээд анхаарч унаган монгол үгээ халхын орчин цагийн аман аялгуунд нэвтрүүлэхэд их анхаармаар юм билээ. Манайхан болохоор манайд ингэж ярьдаггүй юм, манайхан ойлгохгүй гээд мэдээнээс тэр үгийг хасаад европжсон үгээр солиод байдаг. Тийм болохоор тусгай булан нээгээд тийм үгийг утга, агуулга, монгол хэлэнд буцаан оруулахын учир зэргээр тусгай нэвтрүүлэг хийж байвал монгол хэлээ цэвэр ариун байлгахад их тустай даа.

2011-2012 онд ажиллаж байсан мэргэжилтэн Санжжавын Баяндорж.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе