• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Манайхан" хэмээх бас нэгэн хамт олон

CRI       (GMT+08:00) 2014-11-30 16:46:17

Д.Пүрэвсүрэн: 1985 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн магистр. 1985 оноос хойш Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байна.

Миний бие 2014 оны 3-р сарын 01-нээс нэг жилийн хугацаатай Хятадын Олон улсын радиогийн монгол хэлний редакцид МҮОНР-гоос мэргэжилтэн солилцох гэрээний дагуу ажиллахаар Бээжин хотноо анх хөл тавьсан билээ. Сакура цэцэглэсэн хаврын урин цагт ирснээ одоо ч санахаар сэтгэлд минь "хавар" буудаг юм. Тэгээд энэ жил ХОУР-гийн монгол хэлний редакцийн 50 жилийн ой тохиож байгаад ихэд билэгшээж байна.

Анх CRI –ын хаалгаар орохдоо олон жилийн өмнө МҮОНР-гийн хаалгыг гэрэвшингүй татаж байсан минь өөрийн эрхгүй санагдаж билээ. Хятад хэл мэдэхгүй болохоор тэрэндээ санаа зовж байлаа. Шинэ орчин, шинэ хамт олон, шинэ газар орон гээд амьдралын минь бас нэгэн шинэхэн хуудас эндээс эхэлсэн билээ. ХОУР-гийн монгол хэлний нэвтрүүлгийн мэдээний ээлжинд ажиллаж мэдээ редакторлах үүрэгтэйгээр ажлаа эхэлсэн. Анх мэдээ редакторлана гэхлээр ямар л орчуулгатай мэдээ орж ирэх болоо, ядахдаа эх хувьтай тулгаж харж чадахгүй гэж санаа зовниж байсан юм. Гэтэл эхний мэдээг уншиж үзвэл ойлгомжтой багахан засвар хийхэд л болохоор санагдлаа. Өмнө нь монгол хэл дээр гарсан гадаадын нэгэн сэтгүүлийг уншаад юу ч ойлголгүй үлдсэнээ санаад тэгж санаа зовниж байсан хэрэг. Мэдээний орчуулгын хувьд өгүүлбэрийн зохион байгуулалт, найруулга зүй, зөв бичих дүрэм гээд манайхан үнэхээр ажилдаа мэргэшсэн хүмүүс байна лээ. Ялангуяа улс төрийн сэдэвтэй орчуулга бол бүр хэлэх юм үгүй. Ар араас нь гялалзтал орчуулаад мэдээгээр ёстой л нэг дарж өгнө. Бас болоогүй мэдээний хажуугаар радио нэвтрүүлэг бэлдэнэ, уншина, вэб сайт ажиллуулна, видео нэвтрүүлэг хийнэ гээд л залуухан 2 даргатай шижигнэсэн хамт олон бий. Миний ажиллах хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд олон чухал үйл явдал тохиосон. Хятадын тэргүүн Монгол улсад айлчилж, 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, МУ-ын УИХ-ын даргын айлчлал, АПЕК-ийн хурал гээд. Улс төрийн эдгээр том арга хэмжээнүүдэд манай редакцийнхан гар бие оролцон ажиллаж байгааг хараад тэд нараараа үнэхээр бахархаж байлаа. Саяхан манай 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийг ойг тэмдэглэсэн. Үүний 50 жилийн түүхийг бичилцэхэд энэ редакцийнхан өөрийн хувь нэмрээ оруулсан гэж бодохоор сайхан байна.
"Хятад орон харийн хүний нүдээр" нэвтрүүлгийн хэдэн дугаарыг бэлтгэхдээ Хятад оронд ирээд буцаж байгаа хүн бүхэн энэ орны үсрэнгүй хөгжил, хүн ардынх хөдөлмөрч зан чанар, ногоон байгууламж, эелдэг тусархуу зан чанарыг нь магтан биширсээр буцдаг юм билээ. Харийн хүний энэ үг бол Хятад орны үнэлэмж юм.

Хүн ажилдаа хайртай байхын хамгийн том шалтгааныг хамт олон гэж боддог. Бие биенээ хүндэлдэг, бусдадаа тусалдаг, ажлаа эрхэмлэдэг, ах нь сургаж, дүү нь сонсдог ийм л сайхан хамт олны дунд хэсэгхэн хугацаанд ажилсандаа баяртай байна. Миний өмнө нь хийж байсан ажил, ажиллаж бас амьдарч байсан хамт олноос минь огт ялгагдмааргүй тийм орчинд 1 жил болохдоо ердөө ч "хүний" мэт сэтгэгдэл төрж байсангүй. Заримдаа бүр гадаадад байгаа эсэхдээ ч эргэлзэхээр үе байлаа. Миний хувьд Шян Шань ууланд хийсэн намрын зугаалга хамгийн тод дурсамж үлдээсэн. Байгалийн тансаг сайхан үзэмжийг хамт олонтойгоо цуг мэдрэнэ гэдэг үнэхээр гайхалтай. Дуутай хууртай, инээд хөөртэй, чин сэтгэлтэй, хөлс дуслуулсан сайхан аялал байсан шүү. Намрын шар, улаан, ногоон навчис дундах та бүхний инээд, дуу хөөр алагласан дүр зурагнууд лавтайяа зүүдэнд минь ирэх биз ээ.

Миний ажилласан энэ жил ёстой "гадаад", "дотоод" үйл явдлаар баялаг жил байлаа. Редакцийн маань гурван залуу гэр бүл болж, гал голомтоо бадраасан, шинэ хүн мэндэлж, ээж бас эмээ болж хүний амьдралд тохиолдох ховорхон сайхан цаг мөчийг та бүхэнтэйгээ хуваалцсандаа маш их баяртай байна. Бээжин хотноо монгол хуриманд оролцож, залуу үеийнхэн өөрсдийн угсаа гарал, хэл соёл, зан заншил, өв уламжлалаа өвлөн авч явааг хараад бахархаж суулаа. Монгол хэлний редакцид өмнө нь ажиллаж байсан ахмадууд байнгын холбоотой байж, одоо ажиллаж байгаа залуус нь тэднийгээ ихэд үнэлж, хүндэлж явдаг нь "үүх түүхээ" ямар их нандигнаж байдгийн бас нэгээхэн жишээ билээ.

1 жил гэдэг анх ирэхэд их урт хугацаа шиг санагдаж байсан. Одоо эргэж хараад ямар хурдан юм бэ гэж бодож сууна. Бээжинд ажилласан 1 жилийн хугацаанд олон шинэ зүйлийг сурч мэдэж, олон сайхан найз нөхөдтэй болсондоо туйлын баяртай байна. Урьд өмнө энэ редакцид ирж ажиллаж байсан Монгол улсын мэргэжилтнүүд та бүхнийг дурсахдаа үргэлж "манайхан" гэж ярьцгаадаг юм. Би ч гэсэн одоо та бүхнийгээ "манайхан" гээд дурсах боллоо. Үнэхээр ч өөриймсөхөөс аргагүй дотно сайхан анд нөхдөдөө 50 жилийн ойн баярын мэнд хүргэж ажил, амьдралын тань зам үргэлж өөдлөн дэвжиж байхыг хүсэн ерөөе.

2014-11-18 Бээжин хот

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе