• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Намтар түүхийн алтан хуудас

CRI       (GMT+08:00) 2014-11-30 16:56:26

До.Болдхуяг: Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Болор цомын эзэн яруу найрагч. Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатарын Их Сургуулийг археологич мэргэжлээр төгсөж, тус сургуульд магистр хамгаалсан. 2012 онд Өвөр Монголын Их Сургуульд эрдмийн зэрэг /Ph.D/ хамгаалсан.

Миний бие нэлээд хожим буюу 2010 оны үеэс Хятадын Олон Улсын Радиогийн тухай сонссон юм. Тухайн үед би Өвөр Монголын Их Сургуулийн докторант байлаа. Нэгэнтээ миний эрхэм дүү, нэрт яруу найрагч Шарайд Дүүрэнжаргал "Надад Бээжин хотноо Хятадын Олон Улсын Радиод ажиллах боломж гарч магадгүй, би Өнөрцэцэг сэтгүүлээс гараад тэнд очиж ажиллах нь зөв үү?" хэмээн зөвлөгөө өгөхийг хүсэхэд би нөхцөл байдлыг сайтар мэдэхгүй ч гэсэн "Залуу хүн, тэр тусмаа зохиолч хүн юм үзэж нүд тайлахад буруутах юм байхгүй" гэж хэлснээ тодхон санаж байна. Гэвч энэ үед миний өөрийн ажил амьдрал, хувь тавилан энэ радиотой, энэ сайхан хамт олонтой холбогдоно гэж зүүдлээ ч үгүй явж дээ.

2011 оны хуучаар Бээжин хотод айлчилж хэд хоног саатах боломж тохиосон юм. Чухам тэр үед Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хэд хэдэн нэвтрүүлэгт ярилцлага өгч, бас ч гэж шинэ жилийн баярт нь оролцох завшаан тохиолдсон билээ. Тэр жил би аз хиймортой байж шинэ жилийн баярын сугалааны супер хонжвор болох ямааны ноолуурын хөнжлийн эзэн болов. Чухам ийнхүү явахдаа энэ радиод монгол мэргэжилтнүүд ажилладаг тухай, радиогийн ажлын сайн сайхан, хамт олны нөхөрсөг дулаан уур амьсгалыг тод мэдэрч энэ хамт олонд багтаж гар нийлж ажиллах юмсан гэсэн хүсэл төрж билээ. Миний энэ хүсэл 3 жил гаруйн дараа буюу 2014 онд биелэгдэж 3 дугаар сарын 1-нээс эхэлж ажилдаа орсон юм.

Радиод ороод 8 сар гаруйн нүүр үзчихлээ. Сайтын мэдээ редакторлах, радиогийн "Чөлөөт уран бүтээл" нэвтрүүлгийг чадан ядан хийх, мөн "Хятадын нэвтэрхий толь" номыг ажлын хажуугаар хамтран бүтээж байна. Ажиллаж амьдрах орчин нөхцөл сайтай, хамт олны уур амьсгал дулаан, хийх ажил, уран бүтээл мундашгүй тул энд ажиллаж буй цаг үеээ "Намтар түүхийн минь алтан хуудас" хэмээн нэрлэсэн юм. Манай хамт олон Өвөр Монгол, Шинжааны олон аймаг хошуунаас ирсэн эрдэмтэн мэргэд, шүлэгч зохиолч, авьяастнуудаас бүрддэг. Би ч гэсэн үзэг цаас нийлүүлэх дуртайн хувьд мэдэхгүй чадахгүй зүйл таарах үед хэнээс нь гэсэн асуухад хэлээд өгдөг урамтай сайхан анд нөхөд билээ. Монгол хэлний редакцийн хамт олондоо зориулж нэгэн дууны шүлэг бичсэнээ толилуулъя.

АНД НӨХДИЙН ДУУ

Инээж угтаад ерөөж үдсэн
Эвтэй сайхан анд нөхөд минь
Эргэж санахад нүднээ илхэн
Элгэн садан ахан дүүс минь

Гадаад далайн олон шувууд
Ганга нууранд хуран чуулах шиг
Газар газрын монгол мэргэд
Гар нийлсэн хамт олон минь

Насан туршдаа дурсаж явмаар
Намтар түүхийн алтан хуудас минь
Өглөө өглөөний ургах нар шиг
Өгөөмөр сайхан он жилүүд минь

Дт: Гүрэн улсын дуу хоолой
Бүрэн эрхийн алдар билээ
Мөрөн голын халгих чимээ
Хүрэн зүрхний уярал билээ

Намайг энд ажиллаж амьдарч байх хугацаанд Хятад Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяр болж манайхны хувьд нүсэр ажил өрнөв. Манайхан ид ажлын үеэр уртасгасан цагаар ажиллаж баярын мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгээ сайхан хийж ямар хамт олон болохоо үзүүлж чадсан юм. Мөн улс төрийн болон радиогийн амьдралд олон үйл явдал тохиож байна. Цаашид ч олон үйл явдлын гэрч болж "Намтар түүхий алтан хуудас" минь улам зузаарах нь дамжиггүй. Анар, Алтанхуар хоёр дүүгийнхээ хуриманд оролцож ерөөлийн үгээ хэллээ. Номиннарс эгчийгээ тэгтгэвэрт үдэж гаргалаа. Удалгүй Пүрэвжав дүү минь хуримаа хийх гэж байна. Дүүрэнжаргал дүү, Цэцэн ах хоёр Монгол улсад ажиллаж амьдарч байна. Анар маань алс нутгийн бэр болж явах гэж байна. Энэ бүхэн эргээд харахад түүх болж үлдэх юм.

Гадны мэргэжилтэн бидний хувьд эндхийн залуус дүү нар тусархуу, ахмадууд элгэмсүү санагддаг. Бидэнд хамгийн их өмөг түшиг болдог хүн бол мэдээж Гэрэлт ах. Байрны эсвэл ажлын талаар ямар нэг асуудал гарвал юуны түрүүнд Гэрэлт ахдаа хэлэхэд асуудлыг дорхноо шийдэж өгнө. Улаанбаатараас ирсэн мэргэжилтэн Э.Эрдэнэсувд, Д.Пүрэвсүрэн эгч бид гурав ч их эвтэй найртай, ажлын бус цагаар үргэлж л хамтдаа хэлхэлдэж, амралтын өдөр заавал хамт хоол хийж идэн, ойр холын явдлыг хуучлан инээж хөхөрнө. "Үе тэнгийн бүсгүй" Урьхантайгаа хамт Сичуань мужийн Аба жөүгээр аялж хоёул гар нийлэн олон мэдээ гаргаж, нэгийн зэрэг замын тэмдэглэл бичив. Аялж явахдаа Урьхан даргынхнаа ямар их ажил хэрэгч, махруу хүн болохыг мэдэрлээ.

Инээд муутай Ренчинсоо эгч, зэрэгцэж суудаг "сайн хөрш" Сайнаа ах, хариуцлагатай Сарантуяа эгч, үг дуу цөөтэй Уртаа, Ганаа хоёр, надад дандаа тусалдаг Цогзолмаа эгч, Дармаа ах хоёр, хундага тулган хамт сууж зовлон жаргалаа ярьдаг Болор минь, нөхөрсөг сэргэлэн Хүчит гээд энэ сайхан хамт олонтой гар нийлэн ажиллаж байгаадаа баяртай явдаг юм. Баатар ах яахав. Бид хоёр бол уран зохиол, яруу найргийн хэлээр ярилцаж нэг нэгнээ сэтгэл зүрхээрээ мэдэрдэг улс. За тэгээд тэтгэвэрт гарсан ч редакцаараа байнга ирж бидэнтэй уулздаг ах эгч нараа дурсахад сайхан байна. Та бүхэндээ болон Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн үе үеийн уран бүтээлч, мэргэжилтэн, нийт хамт олондоо монгол хэлний редакцийн түүхт 50 жилийн ойн баярын халуун мэнд дэвшүүлье.

Манайхан заримдаа салхи савирт гарчихна. Саяхан намрын налгар өдрийг сонгон хамт олноороо Бээжин хотын баруун хааяа Анхилам ууланд нэгэн өдрийг сайхан өнгөрүүлэв. Уулын байц огцом өөдөө нэлээд өндөр тул цувралдан аажуу өгссөөр миний бие уйлах шахаж байж оройд нь гарч билээ. Өгсөх замдаа өглөөний цайгаа ууж, уруудах замдаа дөрөө чангалан нэгэн өдрийг хөгжилдөн өнгөрүүлэхэд элгэн садан монголчууд төрсөн ах дүүгээс дутахгүй санагдаж билээ.

Миний бие радиод ажилд орсон жил хүрэхгүй хугацаанд хувийн болон "хувьсгалын" ажлаар Хорчины тал нутаг Тунляо хот, Сичуань муж дахь Түвдийн өөртөө засах Аба жөү, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид хошууны нутгаар аялсны дотроос Аба жөүд аялсан тухай тэмдэглэл бичсэнээ та бүхэндээ хүргэе.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе