|
|
||
Э.ЭРДЭНЭСУВД:
Улаанбаатар хотын уугуул. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг 2004 онд хятад хэлний багш орчуулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2009 онд хэл шинжлэлийн магистр зэрэгтэй дүүргэсэн. 2012 онд Шанхайн Гадаад Хэлний Их Сургуульд сэтгүүлзүйн магистр цол хамгаалсан. Сүүлийн арваад жил гадаадад чиглэсэн өргөн нэвтрүүлэг, гадаад сурталчилгааны салбарт ажилласан. Өдгөө ХОУР-гийн Монгол хэлний редакцид Монгол улсын 25 дахь мэргэжилтэн болон ажиллаж байна.
ХЭЗЭЭД Л МАНАЙ "УРД" РЕДАКЦИЙНХАН
Урьдын сайн ерөөл, хувь барилдлагаар би Монголын Радио хэмээх алтан босготой байгууллагатай амьдралаа холбоод арваад жил болжээ. Тэр тусмаа Радиогийн Хятад хэлний редакцийг "төрсөн нутаг" минь гэхэд ерөөс буруудахгүй. А.Уранчимэг, Г.Охин хоёр бол намайг өлгийдөн авсан ээж-эгч нар. Манай редакц гэдэг чинь инээд хөөр, наргиан наадам болсон жинхэнэ жаргалын орон. Хоёр эгчээс орчуулах эрдэм, нэвтрүүлэг хийх арга туршлага суралцахаас гадна тэдний оюутан ахуй цаг, ажил амьдралын тухай хөгжилтэй дурсамж, сургамжтай яриаг сонсох чухам л тэр үеийн нялх оюунд минь шим тэжээл болсон гэлтэй. Тэдний ярианд байсхийгээд л манай "урд" редакц гэж гарах нь чихэнд жигтэйхэн содон хийгээд нууцлаг сонсогдоно.
Өдөр тутмын нэвтрүүлэгт орох Даньбао "урт мэдээ", Ю И Биньгуань "Найрамдал буудал" дахь гадаадын мэргэжилтнүүдийн ахуй амьдрал, Бабаошань "Найман эрдэнийн уул"-ын чөтгөрт нэрээ дуудуулсан үлгэр, Юн Хэ Гүн "Найралт найрамдах сүм"-ийн Түвдэн хамбад золгосон түүх гээд тэднийг "урд" редакцид мэргэжилтнээр ажиллах үеийн редакцийн ажил байдал, Бээжингийн нийгмийн амьдрал, тохиолдсон олон хөгтэй явдлыг нь сонссоор нэг л мэдэхнээ би урьд өмнө нүүр тулан учирч байгаагүй "урд" редакцийнхантай уулзаж нөхөрлөсний дайтай сайн танил болсон байв. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакц хэзээд сэтгэлд минь манай "урд" редакц, манай редакц, миний редакц, тийм л ойр дотно.
РАДИО НЭГЭНТ РАДИО БИШ БОЛЖЭЭ
2010 оны 9-р сарын 13-ны өдөр Шанхайн Дэлхийн Худалдааны Яармагт Монгол улсын павильоны өдөрлөг болоход Хятадын Олон Улсын Радио болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио хамтран анх удаа интернетэд суурилсан "дүрстэй" шууд нэвтрүүлэг хийсэн юм. Энэ нэвтрүүлэг манай хоёр радиогийн хамтын ажиллагааны түүхийн хуудаснаа зүй ёсоор бичигдэх чухал үйл явдал болсон нь мэдээж, харин олдошгүй аз тохиолоор Монголын радиог төлөөлөн хөтлөгчөөр оролцсон надад бол техник технологийн өндөр хөгжил бүхий даяарчлагдан буй дэлхий ертөнцөд радио хэдийнэ урьд цагийн радио биш, радио сэтгүүлч ч радио сэтгүүлч төдийхөн биш болсныг хамгийн ойроос тод томруунаар харах боломж байсан юм. Дуу хоолойгоороо сонсогчдынхоо сонорыг уях эрдэмд шамдаж ирсэн радиогийн бидэнд дүрс бичлэгийн камер өөд нүд цавчилгүй харж "чигээрээ" ярина гэдэг амаргүй байсныг хүлээн зөвшөөрч байна.
Тухайн үед МҮОНР-гийн Гадаад нэвтрүүлгийн албаны захирал Б.Нарантуяа болон ХОУР-гийн Монгол хэлний редакцийн дарга М.Цэцэн нар найруулагчаар, Сарантуяа сурвалжлагчаар, Урьхан, Уртнасан болон Шанхай хотноо аспирантурт суралцаж байсан миний бие хөтлөгчөөр ажилласан юм. Нэвтрүүлгийг онлайнаар болон телевизээр 100 гаруй мянган хүн үзсэн гэдгийг хожим сонсоод, хэдийгээр дэлгэцийн уран бүтээл радиогийн сэтгүүлчийн хувьд цоо шинэ зүйл боловч бид гар сэтгэл нийлж ажиллавал чадахгүй бүтэхгүйн зовлонгүй бөгөөд өнөө уламжлалт радиод тулгарч буй сорилт бүхнийг даван туулж, радиог илүү урт удаан настай, гэрэл гэгээтэй ирээдүйтэй золгуулж чадна гэсэн бат итгэл үнэмшлийг тэр нэвтрүүлгээс олж авч билээ.
ЯЗГУУРЫН ХЭЛ СОЁЛТОЙГОО ДАХИН "УЧРАВ"
МУБИС-ийг Хятад хэлний багш орчуулагч мэргэжлээр төгсгөсөн миний өнгөрсөн арваад жилийн алба ажил хятад хэл соёлтой салшгүй холбоотой байжээ. Албан томилолт, аялал зугаалга, сургууль соёлын мөрөөр Хятад улсад зорчих бүрдээ 5000 жилийн түүхтэй тариалах соёл иргэншил хийгээд түүнийг бүтээгч, эзэмшигч ард түмний хэл сэтгэхүй, мөн чанарыг чадахын хирээр "шимэх"-ийг эрмэлздэг байсан сан. ХОУР-д мэргэжилтнээр ажиллахаар ирэхдээ ч хятад хэл соёлыг илүү их таньж мэдэх боломж гарлаа даа гэж бодсон минь том "эндүүрэл" байв. Гэвч энэ бол миний туйлын баяртайгаар хүлээн авсан "эндүүрэл" бөгөөд чухам л түүний ачаар би язгуурын монгол хэл соёлтойгоо дахинтаа гүн барилдаж, их цэнгэлийг эдлэх болсон билээ.
Өвөр монгол, Шинжааны нутаг нутгаас хуран чуулсан ахмад нэвтрүүлэгч, залуу орчуулагч нөхдийнхөө нүүдэл ахуй шингэсэн энгийн борогжуун яриаг сонсоод, "13 дүнчүүр хүн амтай энэ их гүрний нийслэлд монгол хэл соёлоо цэвэр тунгалгаар нь хадгалж үлдэх бас амаргүй шүү дээ" гэж бодохтой зэрэг сэтгэл уясчихна. Тэдний ярианд өнөө Монголд мартагдсан хуучны сайхан үгс үе үе сонсогдох нь чихнээ чимэгтэй гэж. Сайд нарын зөвлөлийн 1990 оны "будлиантай" гэгддэг тогтоолын буянаар шинэ үеийн анхны худум бичигтэн болсон би Бээжинд ирсэн даруйдаа дэлхийн монголчуудын хамгийн том цахим сүлжээ\www.holvoo.net\-нд блог нээж, мартах шахсан худум бичгээ нэг мөр сэргээхээр шийдлээ. "Тэнгэрийн босоо бичгээ бүрэн тайлж дийлэхгүй суух монгол хүн юутай гунигтай бас харуусалтай..." гэж кириллээр бичсэн анхны тэмдэглэлээ бодвол ч редакцийн нөхдийнхөө ач буянаар санасан бодсоноо худум үсгээр төвөггүйхэн бичиж, дэлхийн эсгий туургатан, худум бичигтнүүдтэй чөлөөтэй харилцаад байх болжээ. Гээд бодвол мэргэжилтэн нэртэйгээс л биш мэргэжилтнүүдээс суралцахаар иржээ би.
ИЛҮҮ ӨНДӨРТ НИСЭХ БОЛОМЖ ӨГЧЭЭ
2015 он хаяанд ирсэн энэ цаг мөчид нэвтрүүлэгч Уртнасангийн хамт Бээжин хотын төв Ван Фүжин гудамжнаас бэлтгэж хөтөлсөн 2014 оны соёл урлагийн нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай хөтөлбөрөө эргэн дурсаж, сэтгэлээ хөгжөөж сууна. –Аан, больё оо. Уртаа, шинэ жил болж байхад хоёулаа студид ийм уйтгартай сууж яах юм бэ. – За тэгвэл чамд ямар шинэ санаа байна?... гэх мэтийн бодит гэмээр зохиомж нэвтрүүлэгтээ зориуд оруулсныг тэр оройн нэвтрүүлэг боосон Пүрэвжав маань мэдэлгүй, манай хоёр яриагаа монтажлахаа мартчихсанаас ер зайлахгүй гэж баахан сандарснаа ярьж, бид бөөн инээд болж билээ. Радио долгионоос гадна интернетээр дүрс бичлэг болон цацагдсан энэ нэвтрүүлэг бидэнд "Ёстой хөөрхөн болжээ" гэх мэтийн чихэр шиг үгсийг олонтаа сонсгосон доо. Хэдийгээр шилдгийн шилдэг шагналыг хүртээгүй боловч энэ нэвтрүүлэг ХОУР-гийн оны шилдэг нэвтрүүлэгт нэр дэвшсэн юм.
Түүнээс хойш манайхан дуу, дүрс, интернет ашигласан олон ч нэвтрүүлэг хийсэн. Залуу үеийн биднийг элдэв нэвтрүүлгийн төсөл дээр шөнө дүл болтол олон өдрөөр ажиллахад редакцийн ахмад үеийн багш, ах эгч нар маань цаг ямагт үнэн зүрхээрээ тусалж байсан нь сэтгэлд гүн хоногшжээ. Ажлын төлөө маргалдах мэтгэлцэх явдал ч биднийг тойроогүй, гэвч нэг нэгийнхээ авьяас билгийг хөглөж, төгс төгөлдөр "уран бүтээл" хийхийн төлөө зорьж ирсэн маань бүхнээс эрхэм санагддаг юм. Орчуулах, редакторлах, сурвалжлах, хөтлөх, найруулах гээд арваад жилийн өмнөөс дурлаж хийж ирсэн радиогийн орчуулагч-редакторын хөдөлмөрөө улам баяжуулан, цахим сүлжээний өнгөт ертөнцөд туршиж үзэх, илүү өндөрт илүү хурдтай нисэх боломжийг ХОУР-гийн Гэрэлт, Урьханы ахалсан Монгол хэлний редакц надад олгожээ.
Ван Фүжинд угтан авсан 2014 онд бид хамтдаа олон зуун цагийн радио нэвтрүүлгээс гадна "CHINA.COM" мэдээллийн шинэ монгол сайт, "Hello CHINA" 100 ангит анимэйшн, "Хятад Монголын уран зохиолын сонгомол" ном, "Хятад толь" гар утасны аппликэйшн, кино дэлгэцийн бүтээлүүдийг сэтгэл оюунаараа дамжуулан, сонсогч, үзэгч, уншигч, хэрэглэгч олонд хүргэсэн билээ. Сэтгэлдээ хүртэл хийсэн ажлаас төрөх жаргалтай мэдрэмж бүр дараачийн ажлыг түүнээс сайн хийхийн төлөө шаналах зовлонг давхар тээдэг шиг. Энэ л зовлонтой гэмээр жаргалыг хамтдаа нэрж, хамтдаа эдэлж буй ажил мэргэжил нэгт нөхөдтэйгөө ирж буй он жилүүдийг сайн бүтээл, сайхан туршлагаар дайлахыг хүснэ.
СЭРЖ БУЙ ЛУУ ГҮРНИЙ ДУУ ХООЛОЙ
Хятадын хот хөдөөд газар сайгүй өрнөж буй хотжилт, барилгажилтыг хараад "Хятад бол луугийн биш тогорууны орон юм" гэж Францын сэтгүүлч асан Эрик Израйлевич номондоо бичсэнийг Шанхайн Дэлхийн Яармагаас шууд нэвтрүүлэг хөтлөхдөө ишилж байсан сан. Хятадын хөгжлийг саяхан болтол шинэ барилга босгох, шинэ зам тавих хурдаар л дүрсэлдэг байсан бол өнөө нийгэмд болон жирийн иргэдийн амьдрал, оюун санаанд гарч буй эерэг өөрчлөлтөөр хэмжих боллоо. Энэ бол Хятадын шинэ удирдагчдын ардыг тэтгэх "зөв энерги" бүхий бодлого, ХКН-ын ноёдыг хянах зангарагтай шийдвэрүүдийн үр дүн. "Хятад сэрэх үед дэлхий чичирнэ" гэж Наполеон Бонапартын нэгэн цагт хэлсэн үг биеллээ олж эхэлснийг Барууны хөгжингүй гэгдэх орнуудын "Дорнын хүчит луу сэрж байна" гэсэн яриа ч батлах мэт.
Түүхийн ийм ховор, эгзэгтэй, шийдвэрлэх цаг үеийн гэрч болон суугаа өчүүхэн би өөрийгөө азтайд тооцохын зэрэгцээ эртний иргэншилт бөгөөд шинэ хүчтэй эдийн засаг болсон Хятад гүрнийг Монгол улсдаа бодит, шуурхай, хүртээмжтэй мэдээлэх үйлсэд гар бие оролцож буйдаа талархаж байна. 2014 он бол манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жил, "Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 20 жил, хоёр орны Соёл хүмүүнлэгийн солилцооны жил, Монголын Радио хятад хэлээр, Хятадын Олон Улсын Радио монгол хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсний 50 жил, бас дээрээс нь гучин насны босгоор алхсан миний жил... Энэ эрин Хятадын эртний үгэнд байдагчлан "Тэнгэрийн цаг, газрын шим, хүний эе зохицол" бүрдсэн аргагүй л онцгой цаг үе ажээ.
Эрин цагийн эзэд, их гүрний дуу хоолой болсон Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн үе үеийн уран бүтээлчид, мэргэжилтнүүд, нийт хамт олондоо монгол хэлний нэвтрүүлэг эхэлсний түүхт 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |