• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Марс гаргийн анхны оршин суугч болохыг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2015-04-24 17:34:20

Марс гаргийг санскритаар Ангараг, монголоор Улаан нүдэн гараг гэдэг. Нарны аймгийн дөрөвдэх гараг. Манай дэлхийтэй хамгийн адилхан хөрс, гадаргуутай бөгөөд амьдрал байж болзошгүй гэж эрдэмтэд таамагладаг. Манай хүн төрөлхтний хоёрдахь "өлгий" гараг болно ч гэдэг.

Хэдийгээр олон улсад маш их маргаан дэгдээж, эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч Нидерландын "Марс 1" компани Марс гараг дээрх анхны оршин суугчдыг сонгон шалгаруулж дууссан байна. 2013 оноос эхэлсэн бүртгэлд дэлхийн олон улс орны 100 мянга гаруй хүн сайн дураараа хүсэлт гаргажээ. Төслийн зүгээс олон нарийн шалгуураар 100 хүнийг сонгосон байна. Эдгээр хүмүүс хэрэв үнэхээр Марс дээр очиж чадах юм бол хэзээ ч эх дэлхийдээ буцаж ирэхгүй. Хүчилтөрөгчийн нөөцөөс шалтгаалаад тэд Марс дээр хоёрхон сар л амьдрах боломжтой гэж Америкийн Сансар судлалын хүрээлэнгийнхэн мэдээлээд байгаа.

Амь дүйсэн энэ эрсдэлтэй төсөлд Англиас сонгогдсон 24 настай Мэгги Лю хэмээх бүсгүй манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгсөн байна. Тэрээр одон орон судлаач мэргэжилтэй, Английн Birmingham их сургуулийн докторант.

Мэгги Лю, "Нэг өдөр би гэртээ харьж иртэл ээж маань надаас -за, өдрийг яаж өнгөрөөв дөө? гэж асуухад нь би - Өө нээрэн, танд хэлэх мэдээтэй, Би Марс руу явахаар бүртгүүлсэн гэлээ. Ээж анхандаа огт итгэсэнгүй. Харин одоо энэ төслийн талаар хэвлэлүүдээр олон мэдээ гарч байгаа болохоор ээж намайг бодитой юм яриад байгааг ойлгож эхэлж байх шиг байна. Ирэх арван жилд би Марс руу явж мэднэ шүү дээ. Ээж маань бүрэн хүлээж авч чадахгүй байгаа ч одоохондоо намайг дэмжиж байгаа" гэж ярьж байна.

Марс 1 компаний төлөвлөгөөгөөр бол, 2024 онд эх дэлхийгээс анхны 100 оршин суугчийг Марс гарагт илгээнэ. Ингэхдээ тэднийг 4 багт хуваана. Сансарт 8 сарын турш аялсны эцэст тэд Марс дээр буух юм. Тус төслийн санаачлагч Бас Ланстропын хэвлэлд яриснаар, хөрөнгийн эх үүсвэр, зарим техникээс шалтгаалан төсөл хоёр жил хойшлогдож магадгүй. Харин Мэгги Лю үүнд төдийлөн санаа зовохгүй байгаагаа ярьж байна. "Марс гараг руу хүн илгээх нь цаг хугацааны л асуудал гэж би бодож байна. Ирэх 10 жилд магадгүй биелнэ. Харин Марс-1 компани үүнийг хийж үнэхээр чадах эсэхийг би ч хэлж мэдэхгүй шүү дээ. Миний хувьд энэ боломжийг алдах юм бол насан туршдаа харамсана. Хэзээ нэг өдөр телевизээр Марс дээр анх удаа буусан хүмүүсийг үзэх юм бол, тэдний нэг нь би ч байж болох л байсан шүү дээ гэж харамсах болно" гэж Мэгги хэллээ.

Марс-1 төсөлд сонгогдсон хүмүүс 4 багт хуваагдан физиологи, сэтгэлзүй, техникийн сургалтанд хамрагдах юм. Мэгги Лю чадварлаг, сайн багт орно гэдэгтээ итгэлтэй байна. "Дахиад арван жилийн хугацаа байгаа болохоор бүх бэлтгэлийг хангалттай сайн хийж чадна аа. Марс руу явах аялал амьдралын минь холын зорилт байх болно" гэж Мэгги манай сурвалжлагчид бас ярьсан байна.

Бэлтгэсэн. Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе