|
|
||
Цэцгийн хүрээлэн гэж алдаршсан Францын Тур хотын нэрэмжит цэцгийн үзэсгэлэн 5-р сарын 1-нд нээгдлээ. Тур хот Францын төв баруун хэсэг Луар голын сав газарт оршдог, зүйл зүйлийн цэцэг ургамлаараа эртнээс алдартай хот. Турын цэцгийн үзэсгэлэн нь Францад дөрөвдүгээрт ордог том үзэсгэлэн. Францын цэцэг, цэцэрлэгт хүрээлэн, амтат хоол, гэр ахуйн чимэглэл гээд жинхэнэ франц ахуй соёлыг дэлхийн хүмүүст дэлгэн үзүүлэхийг зорьдог. Жил бүр 5 га талбайд зассан 700 гаруй цэцэрлэг, павильонд Францын нутаг нутгийн үзэсгэлэнт цэцэгсийг дэлгэж, 200 мянган хүн очиж сонирхдог байна.
Энэ жилийн үзэсгэлэнд тусгайлан Азийн павильон ажиллуулж, хятадын мандарваа цэцэг, уран зураг, уран бичлэг, цайны соёлыг танилцуулж байгаа юм. Үзэсгэлэнд зориулж, Мандарваа цэцгийн орон гэгдсэн Хятадын Лүө-Ян хотоос 1000 ширхэг мандарваа аваачжээ. Энэ талаар Лүө-Ян хотын цэцгийн компаний захирал Хүө Жыпэн манай сурвалжлагчид ярихдаа, "Лүө-Ян хот Тур хоттой 1982 онд ах дүү хот бололцсон юм. Бид Тур хотын цэцэрлэгт хүрээлэнд Мандарваа цэцгийн хүрээлэн байгуулж, 24 мянган цэцэг тарималжуулаад байна. Энэ үзэсгэлэнд Лүө-Ян хот мандарваа цэцгээ дэлгэн үзүүлээд зогсохгүй, мандарваа цэцгийн зураачдын урлан ажиллуулж, мандарваа цэцгийн цайны амталгаа явуулж байна. Үзэсгэлэнгийн дараа бид цэцгээ Тур хотын захиргаанд бэлэглэх юм. Тур хотын захиргаа мөн манай Лүө-Ян хотод франц цэцгийн хүрээнлэнгийн тухай техникийн зөвөлгөө өгнө. Хоёр хотын эдийн засаг, боловсрол соёл, цэцэрлэгт хүрээлэнгийн солилцоо улам эрчтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Турын цэцгийн үзэсгэлэн дэх Азийн павильоны гадна талбайг хулсаар чимэглэж, дотоод интерьерийг нь ургамал, байгаль, соёлын өвүүдээс санаа авч бүтээжээ. 2-нд болсон Азийн павильоны өдөрлөгт францын шаолины сургуулийн сурагчид күнфү, зэвсгийн эрдмийн үзүүлбэр тоглолт хийсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан юм. Хятадын мандарваа цэцгийг үзэж сонирхохоор нийслэл Парисаас зорьж ирсэн Изабелле манай сурвалжлагчид хандан, "Би хятад цэцэгт, ялангуяа мандарваа, цээнэ цэцэгт их дуртай л даа. Дэлбээ нь ялдам нимгэн, өнгө нь сэтгэл татам, нүд хужирлам, үнэхээр үзэсгэлэнтэй. Гэртээ араваад мандарваа тарьж байгаа. Дахиад бас хэдийг авах санаатай. Цэцгүүдээ сэтгэлээсээ асарч ургуулахыг хичээдэг. Сайн арчлахын тулд мандарваа тарих тухай хэд хэдэн ном худалдаж авсан гээч. Цэцэрлэгт хүрээлэндээ бас хэдийг тарималжуулах гэж оролдож байгаа" гэж ярьжээ.
Азийн павильоны өдөрлөгт Тур хотын амбан захирагч, ноён Саржа Бабари ч өөрийн биеэр ирж оролцсон юм. "Тур хот бол ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвөөр шалгарсан хот, яндашгүй баян түүх соёлтой нутаг. Лүө-Ян хотын мандарваа цэцгийн үзэсгэлэнгээр дамжуулан Хятад оронтой соёл, аялал жуулчлал, эдийн засгийн салбарын найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж байна" гэж Бабари илэрхийлсэн юм. Дашрамд нь дуулгахад Турын цэцгийн үзэсгэлэн 5 сарын 11 хүртэл үргэлжлэх юм.
Орчуулж бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |