• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад пивоны хэрэглээ улам бүр буурч байна

CRI       (GMT+08:00) 2015-05-08 15:58:01

Саяхан интернэтээр мэдээ харж суухдаа Хятад хүмүүсийн архи, пивоны хэрэглээний талаарх сонирхолтой нийтлэл уншлаа. Хятадын бизнес эрхлэгчид, албан хаагчид хамтрагч түнш байгууллагатайгаа ямар нэг ажил эхлэхээс өмнө архи ч юм уу пиво уудаг байна. Гэхдээ гол зорилго нь архи уух биш, харин бүтээх ажлынхаа тухай ярилцаж, цаашдын ажил хэргээ төлөвлөх нь гол юм. Ер нь хятад хүмүүсийн хувьд архины соёл их чухал байр суурь эзэлдэг. Ялангуяа пиво, шар айргийг хятадууд маш их хэмжээгээр хэрэглэдэг. Холбогдох тоо баримтыг харцгаая.

Хятадын эх газар бол дэлхийн шар айрагны хамгийн том зах зээл, борлуулалтын хэмжээгээрээ дэлхийн нийт хэмжээний дөрвөний нэгийг эзэлдэг. 2013 оныг хүртэл Хятад улс 11 жил дараалан дэлхийн шар айраг хэрэглэгч хамгийн том орон гэгдэж байжээ. Үүнд Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад хүмүүсийн орлогын төвшин дээшилсэн нь гол нөлөө үзүүлсэн гэнэ.

Гэхдээ, хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хятад хүмүүс пиво уух нь багасах болсон байна. 2014 онд Хятадууд 50 сая литр пиво уусан нь 2013 оны үзүүлэлтээс 1.8% буурчээ. Сүүлийн арваад жилд анх удаагаа буурсан үзүүлэлт гарсан нь юутай холбоотой байв? Хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа авилгатай тэмцэх ажил нөлөөлсөн гэж үзэх хүмүүс байна. Учир нь Хятадын томоохон хэмжээний хүлээн авалтанд шар айраг хэрэглэх хэмжээ маш их буурсан байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт удааширсан, хүмүүсийн амьдралын дадал зуршил өөрчлөгдсөн нь ч нөлөөлөх шалтгаан байж болох юм. Сүүлийн үед Хятадад хүнсний аюулгүй байдлын асуудал нэлээд хөндөгдөж байгаа. Тиймээс эрүүл хүнс, зөв амьдралын хэмнэлийг илүү чухалчлах хүмүүс улам бүр олширч байна. Залуу хүмүүс спирттэй ундааг төдийлөн сонирхдоггүй болсныг харуулсан судалгааны дүн бас бий.

Хятадын зах зээл дээр нийлүүлэлт нь эрэлтээсээ давах хандлага гарч байгаа болохоор компани, үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ шинэчлэх, хямдралтай худалдаа зарлах гээд олон төрлийн арга хэмжээ авч байна. Шар айргийн гол түүхий эд болох арвайг Хятад улс голдуу гадаадаас импортолдог. Хятадын шар айргийн зах зээл хумигдах нь дэлхийн арвай, амуу тарианы үнэ ханшинд ч нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм байна.

Шар айргийн борлуулалт багассан нь пиво үйлдвэрлэгчдийг түгшээх болжээ. Спиртлэг ундааг интернет дэлгүүр, цахим худалдаагаар зарах тухай асуудал тэдний ярианы гол сэдэв болж байна. Гэвч шар айргийн цахим худалдааны жилийн борлуулалт 500 сая юаньд ч хүрэхгүй байгааг Хятадын шар айрагны холбооны менежер Хэ Юн хэлж байна.

Бэлтгэсэн: Алтаннавч

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе