• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бразилын ядуусын хороолол дахь музейн аялал

CRI       (GMT+08:00) 2015-05-08 16:58:01

Бурхдын хот, Олимпийн хот - Бразилын Рио Де жанеро хотын онгоцны буудлын ойролцоо гэмт хэрэг, хар тамхины үүр уурхай гэгдсэн Маре нэртэй ядуусын хороолол бий. Маре гэдэг нь португали хэлнээ "давалгаа" гэсэн утгатай үг юм. 130 мянган хүн амьдардаг ядуусын энэ хороололд байх Маре нэртэй музейг үзэхээр очдог гадаадын жуулчин олон байдаг аж. Музейгээр дамжуулан энэ хорооллын үүх түүх, өнөөгийн хөгжил, ирээдүйг харуулахыг зорьсон гэж музейн менежер Мариленне манай сурвалжлагчид ярьсан байна. 1998 онд байгуулагдсан Маре Музей хуучин үйлдвэрийн баазад байрладаг, үзэсгэлэнгийн 12 танхимтай. Танхимууд Маре хорооллын хөгжлийн өөр өөр цаг үеийг илэрхийлдэг.

Бразил бол дэлхийн баруун хагас бөмбөрцгийн боолын нийгмийг хамгийн сүүлд халсан улс юм. Зүүн хойд бүсийн хар арьст боолууд аажмаар далайн эргийн хотуудад нүүдэллэж, зарим нь Маред суурьшсан байна. Тэр үед Маре нэлэнхүйдээ ус байсан бөгөөд боолууд усан дээр байшин барьж суух болсон байна. Тиймээс Маре музейн эхний танхим нь "усан эрин" нэртэй. Дараагийн танхим нь аажмаар гэр сууцтай болж эхэлсэн өнгөрсөн зууны тавиад оны үеийг харуулдаг. Тухайн үеийн сууц жорлонгүй байсан, хүмүүс нь ядуу амьдралын эрхээр гурван үеэрээ нэг дор амьдарч байжээ. Энэ талаар Мариленне, "дээр үед хүмүүс бохир усан дээр амьдарч байсан гэцгээдэг боловч үнэндээ айл бүр цэвэр цэмцгэр байхыг эрхэмлэдэг байсан юм шүү. Амралтын өдөр болонгуут л хүмүүс гэр орноо нүх сүв үлдээлгүй цэвэрлэж, угаахыг нь угааж, хатаахыг нь хатаана. Ядуу хүмүүс бохир байх дуртай гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй" гэж ярьжээ.

Гэхдээ Марегийн оршин суугчдын хамгийн хүнд хэцүү үе нь нийтийн усны шугамгүй байх үе ажээ. Ядуусын хороолол янз бүрийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан ч өөрийн гэсэн баялаг өв соёлтой. "Рио Де женарогийн бараг бүхий л хөгжим урлаг ядуусын хорооллоос гарсан юм шүү дээ. Тэр бүжиг, хөгжмийн хэмнэл, цөм Африк, Европын соёл урлагийн дундаас бүрэлдэж бий болсон юм" гэж музейн мэргэжилтэн Синдне хэлж байна.

Цаг үе, нийгмийн хөгжлийг дагаад Маре одоо бол ус, тог, цахилгааны асуудлаа шийдсэн төдийгүй эмнэлэг, сургууль, дэлгүүр хоршоо гээд ер нь бусад хорооллоос дутаад байх зүйлгүй болжээ. Маре музей дэх хамгийн сүүлчийн танхим нь "ирээдүй" нэртэй, хов хоосон, цав цагаан танхим. "Өмнө нь бид уулын үерээс их айдаг байсан бол одоо бууны тэнэсэн сумнаас л айдаг болсон гэж Маре музейн сайн дурын ажилтан, 18 настай Матьюс хэлж байна. Зэвэсгт халдлага, хүчирхийлэл ядуусын хорооллынхонд хамгийн том аюул занал болж байгаа ч тэд ирээдүйдээ итгэлтэй байна.

Орчуулж бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе