• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол эрдэмтэн малчны хотыг "сансрын хотхон" болгоно

CRI       (GMT+08:00) 2015-05-08 17:18:10

Дэлхий нийтээрээ цэвэр эрчим хүч ашиглъя гэж их ярьдаг, их ч уриалдаг болсныг хүн бүхэн мэднэ. Суурин иргэншилтэй улс орон, ард түмний хувьд нар, салхи, ус, био эрчим хүч гээд олон төрлийн цэвэр эрчим хүчийг түгээмэл ашигладаг. Тэгвэл нүүдлийн буюу хагас нүүдлийн ахуй соёлтой монгол малчид маань цахилгааны эх үүсвэрээ чухам хэрхэн хангаж байгаа билээ? Бээжин Их Сургуулийн профессор, нэрт эрдэмтэн Чулуугийн бүтээсэн "бичил цахилгаан станц" хөдөөгийн малчны хотхоныг бараг л "сансрын хотхон" болтол нь гэрэлтүүлэх болжээ. Монгол гэрийн аль нэг буланд хоргоны хэртэй л зай эзлэх энэ бичил цахилгаан станц гар утас, компьютер, хөргөгч, телевизор, угаалгын машин гээд бүх төрлийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллуулах, мөн түүгээр ч зогсохгүй, мал услах, төмөр гагнах, мод хөрөөдөх, бүр мотоциклын моторыг ч цэнэглэх чадалтай.

Эрдэмтэн Чулуу гуай Өвөр Монголын Баяннуур хотын уугуул, малчин гаралтай хүн. 1988 оноос Токиогийн их сургуульд сурч, 2000 оныг хүртэл Япон улсад ажиллаж байсан юм. Тэрээр Японд сурч ажиллаж байхдаа лити зай хураагуур бүтээх судалгааны ажлынхаа гол суурийг тавьжээ. Япон улс түүнд өндөр цалин амлаж, японы иргэншилтэй болох хүсэлт олон удаа тавьж байсан ч монгол эрдэмтэн маань өөрийн хүч оюунаа хөдөөгийн малчдын төлөө зориулахаар шийдэж, нутаг буцсан гэдэг. Чулуу гуай өдгөө Бээжингийн их сургуульд багшилж байна.

Түүний зохион бүтээсэн бичил цахилгаан станц 7-8 кг жинтэй лити баттерей болон нарны зай хураагуураас бүрддэг. Эдгээр бичил хэмжээтэй зай хураагуурыг нэг удаа цэнэглэхэд нэг өрхийн 2 хоногийн цахилгааны хэрэгцээг өлхөн хангачихдаг байна. Дашрамд нь дуулгахад энэ лити баттерейг 2008 оны Бээжингийн олимп, 2010 оны Шанхайн Экспо, Гуанжөүгийн Азийн спортын наадмын үеэр ашигласан цахилгаан автобусанд амжилттай туршиж, дэлхийн шинэ амжилтыг тогтоож байсан юм. Өнөө ч олон орны хүмүүс ирж сонирхож, өөрсдийн орондоо импортлох талаар судалж байгаа юм байна. МУ-аас Хятадад суугаа элчин сайд Ноён Сүхбаатар ч эрдэмтнийд хоёр удаа очиж лити баттерейн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан ажээ.

Чулуу гуай, "Бичил цахилгаан станц маань юуны түрүүнд отрын малчдын ахуй амьдрал, цахилгааны хэрэглээг нь залгуулахад чухал ач холбогдолтой юм. Сая та нар ч өөрсдөө танилцлаа. Хөдөө нутагт хот айлууд тархай суудаг болохоор нийтийн цахилгааны шугамд тэр бүр холбогдож чаддаггүй. Гэхдээ өнөөдөр цахилгаан утас татахгүй нөхцөлд малчид маань орчин үеийн бүхий л цахилгаан хэрэгслийг ашиглах боломжтой боллоо. Энэ нь малчид маань мэдээллийн цаг үетэй хөл нийлүүлэн алхаж чадна гэсэн үг юм" гэж ярьсан юм.

Өдгөө Чулуу гуайн зохион бүтээсэн бичил цахилгаан станцыг Өвөр Монголын Үзэмчин, Эрээн зэрэг Монгол улстай хил залгаа нутгуудад, малчны хотуудад туршин ажиллуулж байна. Алс баруун хязгаар Шиньжаан, Хөхнуурын монгол малчид ч ихээхэн сонирхож байгаа аж.

"Дулаан явбал мянган лан" гэж монголчууд эртнээс ярьдаг. Энэ цагт бол энэ үгийг "Дулаан авбал мянган лан" гэж хэлж бас болохоор байна. Цахилгаан, дулаантай л бол бид дэлхийн хаана ч, бүр сансарт ч тохитой тухтай амьдарч болох нь ээ дээ. Харин ийм боломжийг монгол эрдэмтэн маань бий болгож, бүтээсэн гээд бодохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.

Бэлтгэсэн: Алтаннавч

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе