• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад залуу эмчилгээнд цуглуулсан хандиваа хүүтэй нь буцааж эхэлжээ

CRI       (GMT+08:00) 2015-05-22 09:24:15

Одоогоос гурван жилийн өмнө Бээжингийн Химийн технологийн их сургуулийн оюутан Шүйтао гэгч залуу цусны өвчтэй аавыгаа эмчлүүлэхийн тулд нийтийн цахим сүлжээ, сонин хэвлэлээр дамжуулан хандив цуглуулжээ. Тэрээр хандив цуглуулахдаа хандивын мөнгийг зүгээр авахгүй, 3-5 жилийн дотор заавал буцааж өгнө, гэхдээ бүр хүүтэй нь буцаана гэж амласан байна. Ингээд хэдхэн сарын хугацаанд 530 мянган юань, монгол төгрөгөөр бол 160 сая төгрөг цугларчээ. Шүйтао 3 жилийн дараа ажил хийж, олсон мөнгөөрөө хүмүүсийн хандивын мөнгийг хүүтэй нь бага багаар буцааж эхэлсэн нь олон хүнийг шоконд оруулж, Хятадын нийгэмд шуугиан тариад байна.

"Би таны мөнгийг буцаах гэсэн юм, таны картын дугаар энэ мөн үү гэж нэг хүн утсаар ярихлаар нь би дотроо аягүй бол хүн хуурах гэсэн юмнууд биз гэж бодоод утсаа тасалсан юм. Тэгтэл дараа нь над руу дахиж залгаад, -би хэдэн жилийн өмнө аавынхаа эмчилгээнд зориулж хандив цуглуулж байсан хүн байна аа. Тэр үед таны хандивласан мөнгийг би эргүүлж өгөх гэсэн юм аа гэж ярихад нь тэр залууг таньсан л даа" гэж Бээжинд компаний захирлаар ажилладаг Зэнпэн ярьж байна. Зэнпэн хандивласан мөнгөө буцааж авна чинээ санаагүй байна. Шүйтао-н аав ноднин нас барсныг дуулаад, хандивын мөнгөө буцааж өгөх хэрэггүй, сайн ажиллаж ээждээ тус болоорой гэхэд нь Шүйтао татгалзаж, та бүхний хайр халамжаар аав минь хоёр жил амьдарсан, би мөнгийг тань заавал буцаана, энэ мөнгөө та өөр хүмүүсийг дэмжээрэй гэж хэлсэн байна. 5 сарын 12-нд Шүйтао мөнгөө тоо ёсоор нь буцаахдаа дээр нь нэмж 10 хувийн хүү төлжээ.

Энэ талаар Зэнпин "Хандивын мөнгө цуглуулахдаа л зүгээр мөнгө авахгүй ээ, зээлнэ гэж амлаж байсан юм. Тэгээд одоо ажил хийж, хандив өгсөн бүх хүмүүст мөнгийг нь бага багаар буцааж өгч байгаа юм байна л даа. Одоо, цаг ямар болоод байгаа билээ? Амласнаа биелүүлэх шиг ийм үнэ цэнэтэй зүйл өнөөгийн нийгэмд олон байгаа болов уу?" гэж ярилаа.

Тэрээр хандивласан мөнгөө буцааж авсаныхаа дараа блогтоо нийтлэл бичтэл ердөө хоёрхон өдрийн дотор 9 сая гаруй хүн нийтлэлийг нь уншсан байв. Ингээд л Шүйтао-н тухай мэдээ нийтийн цахим сүлжээг шуугиажээ.

Манай сурвалжлагч Шүйтао-тай холбогдоход тэрээр ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Шүйтао их сургуулиа төгсөөд одоо Бээжингийн нэгэн компанид ажиллаж байгаа юм байна. Сардаа 5000 гаруй юаний цалин авч, түүнээсээ 1000-ыг нь байр хоол, бусад хэрэглээндээ үлдсэнийг нь хандивын мөнгийг буцаахад зарцуулж байна. /Бэлтгэсэн: Алтаннавч/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе