|
|
||
20160708suhebatuo.mp4
|
Ц.СҮХБААТАР САЙДЫН ЯРИЛЦЛАГА
1.Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны харилцааилэрхий амжилттай хөгжиж байна. Ялангуяа Ши Жиньпин дарга 2014 онд Монгол улсад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн хоёр орны харилцааг "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа"-ны өндөрлөгт хүргэхээ зарласнаас хойш хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд шинэ ахиц гарч байна. Та Хятад Монгол хоёр орны харилцааны өнөөгийн хөгжлийг хэрхэн үнэлж байгаа вэ?
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улс төрийн салбарт нэн тааламжтай хөгжлийн шатанд хөгжиж байна. Ганц жишээ хэлэхэд Ши Жиньпин даргыг БНХАУ-ын дарга болсноос хойш Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж одоогийн байдлаар 11 удаа уулзсан байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хоорондын уулзалтын давтамж байнга хадгалагдаж, хоёр ерөнхийлөгч ойр ойрхон нүүр тулан уулзаж байгаа нь хёор орны хоорондын харилцаа хөгжүүлэхэд маш их түлхэц болж байгаа тодорхой жишээ. Энэ бол хоёр орны хоорондын төрийн тэргүүнүүдийн хэмжээнд тогтсон харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг харуулж байгаа зүйл юм. Мөн улс төрийн таатай орчин нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид амжилттай хөгжих хөрс суурь тавьж байна. Манай хоёр орны хоорондын харилцаа, эдийн засгийн салбарт улам эрчимтэй хөгжих ашиглагдаагүй нөөц маш их байгаа. Харамсалтай нь сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд олон улсын зах зээл дээрх байгалийн баялгийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн дотоод бодлогод гарч буй өөрчлөлттэй холбогдоод гол экспортын бараануудын үнэ тогтвортой биш учраас буурсан үзүүлэлттэй гарч байна. Манай гол экспортын бараа болсон нүүрс, төмрийн хүдэр, зэсийн хүдэр гээд энэ үндсэн бараануудын зах зээлийн үнэ төдийлөн сайн биш байгаа. Хэдийгээр бидний гаргаж байгаа хэмжээ хэвийн хэмжээг хадгалж буй боловч үнийн өөрчлөлтөөс болоод нэлээд буурах хандлагатай байна. Гэхдээ хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүй маш сайхан гэрэлтэй гэгээтэй байна. 2014 онд Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлал, түүний дараагаар манай улсын ерөнхийлөгчийн хийсэн хариу айлчлал, эдгээр айлчлалын дунд томоохон тохиролцоонууд хийгдсэн байгаа. Юуны өмнө мэдээж Монгол улсын байгалийн баялагт үндэслээд Монгол улсын дэд бүтцийг хөгжүүлэх, энэ чиглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг Хятадын талаас баримталж байгаа. Манай талаас Хятадын эдийн засгийн өндөр хөгжлийн боломжийг ашиглаж өөрийн улсын хөгжлийг урагшлуулах, Хятадын нутгаар дамжин далайд гарах, далайгаар гуравдагч орнуудын зах зээлд гарах зорилт тавин ажиллаж ирсэн. Үүний дүнд өнгөрсөн жилүүдэд дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой олон чухал гэрээ хэлцэл хийсэн. Цаашид хэлэлцээ үргэлжилж байна. Ингээд ойрын жилүүдэд бидний бодож байгаагаар хоёр орны хоорондын харилцаанд мэдэгдэхүйц түлхэц өгөхөөр, хоёр орны ард түмний амьдралд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэхүйц томоохон төсөл хэрэгжүүлэх ажил эрчимтэй шатандаа орно гэж найдаж байна. Үүний дүнд хоёр орны харилцаа улам өргөжин эрчимтэй хөгжинө. Манай улсын хувьд БНХАУ манай үндсэн зах зээл болдог. Манайхаас бүтээгдэхүүн экспортолж байгаа, манай гол хөрөнгө оруулагч Хятад улс санхүүгийн асар их нөөц боломжтой. Энэ утгаараа гол түнш минь яахын аргагүй БНХАУ. Бид цаашдын хамтын ажиллагааныхаа ирээдүйд маш их итгэлтэй, ирээдүйгээ гэрэл гэгээтэй байдлаар төсөөлж байгаа.
2.Саяхан Ташкентад Хятад, Монгол, Орос гурван орны төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалт болсон. Уулзалтын үеэр "гурван орны эдийн засгийн хонгил"-ын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрлээ. Та уулзалтын үр дүнг танилцуулна уу?
Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржийн санаачилгаар гурван орны төрийн тэргүүнүүдийн тогтмол уулздаг уулзалтын механизм бий болоод хоёр гурван жил болж байна. Өнгөрсөн сард 3 дахь удаагийн уулзалтыг Танкент хотод хийлээ. Энэ уулзалтаар гурван орны төрийн тэргүүнүүд гурван орныг холбосон эдийн засгийн хонгил бий болгох тухай үндсэн баримт бичгийг хүлээн зөвшөөрч тохиролцож, холбогдох байгууллагууд гарын үсэг зурлаа. Энэ бол үнэхээр түүхэн ач холбогдолтой юм. Анх удаа гурван орон хамтран ажиллах, бие биенийхээ давуу тал, нөөц бололцоог бүрэн ашиглах, үүний тулд дэд бүтцээрээ холбогдох асуудлыг хэлэлцэж тохироод эхний баримт бичигтээ гарын үсэг зурлаа. Энэ үндсэн баримт бичгийг дагаад түүний ард 30-40-өөд төслийн жагсаалтыг бас харилцан тохирсон байгаа. Эдгээр төслийг ерөнхийд нь авч үзвэл дэд бүтцээр гурван орныг холбох, Монгол улсын нутгаар одоо байгаа төмөр замыг дагасан том төслүүдийг хэрэгжүүлж, Монголын нэг шугамыг хоёр хос болгох, түүнийг дагасан авто замын сүлжээ байгуулах, Монгол улсын баруун зүүн талаар төмөр зам, авто замын сүлжээгээр гурван орныг холбосон дэд бүтцийг бий болгохоор чиглэгдсэн ийм төслүүд байгаа. Зам харилцаанаас гадна байгалийн хий, эрчим хүчний асар их илүүдэлтэй байдлыг ашиглаж бие биедээ шилжүүлэх, гуравдагч орны зах зээл рүү гаргахад чиглэсэн нэлээд хэдэн төслүүдийг ярилаа. Гурван орны төрийн тэргүүнүүд зөвхөн худалдаа эдийн засгийн харилцаанаас гадна соёл хүмүүнлэгийн харилцаанд ихээхэн анхаарал тавьж байгаа. Энэ баримт бичигт гурван орны аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуус, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн солилцоог дэмжих гэсэн олон чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон байгаа. Энэ бол энэ үеийн манай гурван орны харилцааг тодорхойлох анхны маш том ач холбогдолтой түүхэн баримт бичигт гарын үсэг зурлаа гэж би хувьдаа үзэж байгаа. Цаашдаа гурван орон энэ тодорхой асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах газрын зураг бэлэн байна. Монгол улсын зүгээс энэ төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн төвийг Монгол улсад байгуулъя. Үүгээрээ дамжуулаад энэ ажлуудаа хэрэгжүүлье гэсэн санал тавьсан байгаа. Манай хоёр хөршүүд үүнийг талархалтайгаар хүлээж авсан байгаа.
3.Сүүлийн үед дэлхийн зах зээлийн нөлөөгөөр Монголын эдийн засгийн өсөлт удааширч байна. Энэ нөхцөлд Монгол улс Хятад, Орос хоёр хөрштэйгөө аль салбарт, хэрхэн хамтарч ажиллах нь зохистой вэ?
Олон улсын ерөнхий байдал, эдийн засгийн байдал зэргийг харгалзаж үзвэл Азийн чиглэл рүү эдийн засаг, мөнгө санхүүгийн томоохон урсгал бий болох шинж ажиглагдаж байгаа. Ялангуяа Оросын холбооны зүгээс Алс Дорнод, Ази руу чиглэсэн эдийн засгийн хүчтэй бодлого явуулж байна. Мөн ОХУ, БНХАУ-ын хооронд томоохон гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан. Ойрын жилүүдэд жишээ нь худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа. Мөн байгалийн хий, газрын тосны төслүүдийг хэрэгжүүлэхээр хоёр улс маань тохирсон байгаа. Энэ боломжууд дээр Монгол улс өөрийн газар нутгийн давуу талыг ашиглаж, бид аль болох тааламжтай нөхцөлийг санал болгож, дээрээс нь Монгол улсын өөрийн дотоодын нөөцөө энэ явж байгаа дэд бүтцийн төслүүдэд хандив оруулъя гэсэн санал тавьж байгаа. БНХАУ-ын зүгээс "Торгоны зам" санаачилгатайгаа уялдуулаад ОХУ, Монгол улсаас тавьж байгаа саналыг талархалтай хүлээн авч, дэмжиж, гурван орны гаргасан саналуудыг уялдуулъя, хөгжлийн алсын бодлогоо эхнээсээ төлөвлөж зохицуулъя гэсэн бодлого явж байгаа. Ирээдүйд Зүүн Хойд Азийн бүс нутаг, өөрөөр хэлбэл ОХУ-ын Алс Дорнод, Монгол улс, БНХАУ-ын зүүн хойд мужууд энэ бүс бол худалдаа эдийн засгийн интеграцын том үйл ажиллагаа явах ирээдүйн талбар бий болж байна гэж харагдаж байгаа.
4.Хятад улс "Торгоны зам", "Нэг бүс нэг зам" санаачилгыг гаргахад зам дагуух орнуудад үр өгөөж хүртээх зорилт тавин ажиллаж байгаа. Та "Торгоны зам" санаачилгыг хэрхэн үнэлж байгаа вэ? Хэрэгжээд нэг хэсэг өнгөрсний дараа үр дүнгийн талаар яаж үнэлж байна?
Ши Жиньпин даргын дэвшүүлсэн энэ санал бол үнэхээр алсын хараатай, алс ирээдүйд чиглэсэн томоохон санаачилга, стратегийн том санаачилга юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд олон улс орон оролцох, нэлээд олон жилийн хугацаанд хэрэгжих томоохон санаачилга. Энэ яваандаа эргээд энэ бүс нутгийн хамрагдсан орнуудын эдийн засгийг ахин идэвхжүүлэх, худалдаа арилжаа, хүний солилцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн том санаачилга. Мөн миний түрүүний хэлсэн ОХУ-ын зүгээс Ази руу чиглэсэн Евро-Азийн эдийн засгийн бүс байгуулах санал дэвшүүлэн ажиллаж байгаа. Мөн Монгол улс энэ хоёр хөршөөс гарч байгаа санаачилгатай зохицуулаад "Талын зам" санаачилга гаргасан. Энэ бол энэ хоёр улсын эдийн засгийн том потенциал, нөөц бололцоог ашиглах, Монгол улс өөрийн хувь нэмрээ оруулж, хамт хөгжих, хамтдаа үр шимийг нь хүртье гэсэн зорилготой ажиллаж байна. Ер нь бол "Торгоны зам" төсөл бол хоёр гурван орны хүрээнээс хальсан том санаачилга. Энэ санаачилга Төв Ази, Дундад Азийн олон орныг хамарч, цаашаагаа Европыг холбоход чиглэсэн санаачилга байгаа. Эртний Торгоны замын дагуух орнууд энэ санаачилгыг маш их сонирхож, маш их дэмжиж, энд аль болох идэвхтэй оролцох ерөнхий чиг хандлагатай байна. Дээрээс нь БНХАУ-ын зүгээс энэ санаачилгаа бодитой хэрэгжих үндсийг тавьж "Торгоны зам сан" гээд 40 тэрбум ам.доллар хөрөнгө бүхий санг байгууллаа. Хятадын санаачилгаар Хятадын хэмжээний томоохон банк буюу Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэж шинэ банк санхүүгийн том төв гарч ирлээ. Энэ бүхнийг харвал энэ санаачилга бодитоор хэрэгжих нөхцөл байна. Энэ хэрвээ хэрэгжээд үйл ажиллагаа нь жигдэрвэл үүний үр шимийг зөвхөн Хятад, Монгол, Орос гэж хязгаарлахгүйгээр энэ торгоны замын дагуу маш олон орон үүнийг үр шимийг хүртэх, эдийн засаг нь тэр хэмжээгээ хөгжих дэвжих ийм боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа.
5.Удалгүй Монгол улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог, ач холбогдолтой болно. Хятадын ерөнхий сайд Монголд айлчилж, төлөөлөгчдөө удирдан уулзалтад оролцох гэж байна. Монгол улс энэ айлчлалаас чухам ямар үр дүн хүсэн хүлээж байгаа вэ? Мөн АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар танилцуулна уу?
Ази Европын уулзалт нэртэй. Энэ бол хоёр том тивийг, дэлхийн хүн амын бараг талыг хамарсан газар нутгийг эзэлсэн том байгууллага. Энэ байгууллага үүсэж байгуулагдсанаас хойш 20 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ 20 жилийн 11 дэх удаагийн уулзалтыг манай Монгол улс өөрийн нутагтаа зохион байгуулахаар санаачилж, энэ эрхийг аваад ажиллаж байна. Энэ хурал болоход арваадхан хоног үлдээд байна. Үндсэндээ Монгол улсын хувьд энэ их хурлыг зохион байгуулах бэлтгэл үндсэндээ хангагдсан. Энэ хурлыг зохион байгуулахад манай хөрш болон найрсаг нөхөрсөг орнууд их хэмжээгээр тусаллаа. Ялангуяа БНХАУ-ын зүгээс сэтгэл харамгүй тусламж үзүүлж, бүх талаар дэмжиж ажилласанд манай улсын засгийн газар, ард түмэн тун их талархалтай байгаа. Энэ хуралд гуч гаруй орны төр засгийн тэргүүнүүд биеэр хүрэлцэн ирж оролцох төлөвтэй байна. Энэ бол энэ жил болж байгаа дэлхийн томоохон улс төрийн үйл явдлуудын нэг том үйл явдал болно. Хариуцлагатай арга хэмжээ. Бид энэ ажлыг өөрийнхөө боломжоороо аль болохоор найрсаг, харилцан ойлголцсон, өнгөрсөн амжилтаа дүгнэсэн, ирээдүйнхээ чигийг тодорхойлсон ийм хурал болгохын төлөө ажиллаж байна. Энэ хуралд олон орны төр засгийн тэргүүнүүд ирж байгаа. Түүний дотор манай хоёр их хөршийн маань хоёр ерөнхий сайд ирнэ. Ялангуяа БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян хуралд ирэхийнхээ өмнө Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар ерөнхийдөө АСЕМ-ын эргэн тойрны арга хэмжээнүүд эхэлнэ. Бид ойрын хөршийн хувьд ерөнхий сайд Ли Кэчяныг манай энэ хурал, арга хэмжээнд оролцож байгаа гол зочин гэж бид үзэж хүндэтгэн хурлын өмнө албан ёсоор хүлээн авч байгаа. Ингээд Ли Кэчян ерөнхий сайд очиж байгаа нь Вэнь Жябао ерөнхий сайд айлчилснаас хойш 6 жилийн дараа хийж байгаа ерөнхий сайдын хэмжээний томоохон айлчлал. Бид энэ айлчлалаас маш том үр дүн хүлээж байна. Ялангуяа манай хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны салбарт хүлээгдэж буй олон асуудалд томоохон түлхэц өгсөн, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн айлчлал болно гэж хүлээж байна. Монгол улсын хувьд онцлог үед болж байна. Та бүхэн мэдэж байгаа. Саяхан Монгол улсад улсын их хурлын сонгуульд болсон. Сонгуулиар шинэ засгийн газар бүрдэж байгаа. Шинэ ерөнхий сайд томилогдож байгаа. Анхны хүндэт зочин Ли Кэчян болох нь. Энэ бол бас шинээр байгуулагдаж байгаа засгийн газрын тэргүүн болон Монголын шинэ удирдагчидтай нүүр тулан уулзаж танилцах сайхан боломж олдож байгаагаар цааш цаашдын харилцаанд ихээхэн эерэг найрсаг нөлөө үзүүлэх болов уу гэж бид хүсэн хүлээж байна.
6.Та Хятадад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар олон жил ажиллаа. Хятадын олон нутгаар явсан, хувь хүнийхээ хувьд хашир туршлагатай дипломатч. Хятад улс, Хятадын ард түмэн танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та удалгүй Хятадад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байна. Хятад улс, Хятадын ард түмэнд зориулж юу хэлмээр байна?
Миний хувьд БНХАУ-д Монгол улсаа төлөөлөн 6 жил хагас хэртэй ажиллалаа. Энэ хугацаа бол миний хувьд их нэн сонирхолтой үед таарч, элчин сайдаар ажиллах завшаан тохиолоо гэж үзэж байгаа. Намайг ирсэн энэ жилүүдэд БНХАУ-д 10 жилд нэг удаа болдог төрийн удирдлага солигддог мөчтэй таарсан. Шинэ үеийн удирдлага гарч ирж, Хятад орныг цааш хөгжүүлэх шинэ бодлогоо гаргаж ирэх, үүнийгээ хэрэгжүүлж эхлэх энэ үед таарсандаа би бас өөрийгөө азтай гэж үзэж байгаа. Өнөөдөр БНХАУ хөгжлийнхөө бас нэгэн шинэ үе рүү орох ийм зааг үедээ байгаа юм болов уу гэж надад санагддаг. Энэ үед шинэ удирдлагатай Хятадын хөгжлийн шинэ үе шатанд орох энэ үйл явцыг харах завшаан тохиолдсон би их баяртай байдаг. Мөн ажиллаж байгаа хугацаанд хоёр орны улс төрийн харилцаа нэн тааламжтай нөхцөлд хүрлээ. Хоёр орны хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосон нь өнөөгийн нөхцөлд улс орнууд хоорондын тогтоож байгаа хамгийн ойр дотно харилцан итгэлцсэн харилцааны түвшинд хүрсэнд би их баяртай байна. Түрүүн би хэлсэн, төрийн тэргүүнүүд намайг ажиллаж байх энэ хугацаанд 11 удаа нүүр тулан уулзлаа. Энэ бол хоёр орны харилцааны түвшинг харуулж байгаа баримт юм. Би өөрөө элчин сайдын хувиар энд ажиллах хугацаандаа БНХАУ-ын бараг бүх мужаар явж, олон хот, олон тосгоноор явж үзлээ. Би өөрөө Монгол улсын иргэний хувьд Хятад улсыг мэддэг, хятад хүнийг ойлгодог гэж өмнө нь боддог байсан. Хятадад өөрөө ирж ажиллаад энэ олон газраар явж, энэ олон хүнтэй уулзаж танилцаж явахдаа маш бага мэдлэгтэй байжээ гэдгээ мэдэж авсан. Хятадын олон мужаар явж, Хятад улсын сүүлийн 30-аад жилийн нээлттэй бодлогын үр дүн юунд хүрсэн юм бэ, хэрхэн ард түмний амьдралд хүрсэн юм бэ гэдгийг нүдээрээ харж, мэдрэх боломж надад олдлоо. Хятад орон бол аугаа их соёл иргэншлийн төв, хөгжлийнхөө бат найдвартай сууринд зогсжээ. Цаашлаад улам дэвжин хөгжих сайхан ирээдүйтэй орон болжээ гэдгийг нүдээр үзэж, газар бүхэнд явж, мэдэрч, харлаа. Ингээд ажиллах хугацаанд үнэхээр Хятадын ард түмэн найрсаг хүмүүс гэдгийг мэдэрсэн.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |