Саудын Арабид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 22-ны өдөр Риядад Саудын Арабийн ван Абдуллах Вин Абдул Азизтай хэлэлцээ хийж, хоёр тал хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны стратегийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг үргэлжлэн хөгжүүлэх асуудлуудаар чухал тохиролцоонд хүрсэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, харилцан ашигтай байж хамтаар амжилтад хүрэх зарчмын үндсэн дээр ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн явдал бол Хятад Саудын Арабийн харилцааг урагштай хөгжүүлж чадсан нандин туршлага юм гэжээ. Тэрээр бас өнөөгийн шатанд хоёр тал эрчим хүч, худалдаа, соёл зэрэг 5 талаар хамтран ажиллах чухал санал дэвшүүлжээ.
Абдуллах Вин Абдул Азиз Хү Жиньтаогийн хэлсэнийг бүрмөсөн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Саудын Араби Хятадтай чин үнэнч найрамдалтай байж, олон салбарт бүх талаар хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Хоёр тал бас бүс нутгийн байдал, Палестин Израилийн мөргөлдөөн болон Иракийн асуудал зэргийн талаар санал солилцсон байна.
Хү Жиньтао мөн өдөр Саудын Арабийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчидтэй уулзаж, Хятад Саудын Арабийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна./Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|