Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага—Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа үеэр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Батсүх манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын үйл ажиллагааг Монгол улс дэмжиж, гишүүн орнууд болон ажиглагч орнуудтай хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Элчин сайд Г.Батсүх хэлэхдээ, Монгол улс бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамгийн анхны ажиглагч орон юм, Эдийн засаг, аюулгүй байдал, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт уг байгууллагын явуулж бий үйл ажиллагааг Монгол улс дэмжиж, энэ хүрээнд гишүүн орнууд болон ажиглагч орнуудтай хамтран ажиллахыг хүсэн эрмэлзэж байна гэлээ.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага бол харьцангуй залуу шинэ байгууллага юм. Иймээс уг байгууллагын үйл ажиллагаа нь эхлэлийн шинж чанартай байгаа бөгөөд энэ эхлэл нь улс төрийн хамтын ажиллагаанаас гадна бас аюулгүй байдал, эдийн засаг гэсэн олон чиглэлээр хөгжиж байна. Монгол улс ажиглагч орны хувьд уг байгууллагын гишүүн орнууд болон ажиглагч орнуудтай эдийн засгийн салбарт, ялангуяа дэд бүтцийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллахыг түлхүү сонирхож байна гэж элчин сайд Г.Батсүх тэмдэглэжээ.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээн дэх Хятад Монгол хоёр орны харилцааны тухай элчин сайд Г.Батсүх хэлэхдээ, Монгол Хятад хоёр орны харилцаа нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд л биш, бас түүнээс гадна, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол зэрэг олон салбарт маш өргөн дэлгэр, хүчтэй, гүнзгий хөгжиж байгаа юм гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэжээний уулзалтанд өнгөрсөн жил Казахстаны Астана хотод анх оролцсон юм. Шанхайд болох энэ уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгч Намбаярын Энхбаяр оролцох гэж байна. Энэ тухай элчин сайд Г.Батсүх танилцуулж хэлэхдээ, энэ уулзалтын үеэр, Монгол улсын Ерөнхийлөгч тус байгууллагын 5 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцохоос гадна бас гишүүн орнууд болон бусад ажиглагч орнуудын тэргүүн нартай уулзаж, тус байгууллагын ойрын болон хэтийн төлвийг тодорхойлоход оролцоно гэлээ. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\
|