Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 15-ны өдөр Шанхай хотноо Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзайтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцлаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын өнөөгийн байдал, гадаад, дотоод бодлогын талаар танилцуулаад адилхан хөгжиж буй орны хувьд Афганистаны ололт амжилтыг бид бахархан дэмжиж байдаг гэв.
Ерөнхийлөгч Х.Карзай Монгол, Афганистаны харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлоход өндөр дээд хэмжээний уулзалт, харилцан айлчлал чухал болохыг тэмдэглэв. Мөн Афганистаны хөгжлийн бодлого, бүс нутагт эзлэх байр суурийн талаар ярилаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр ШХАБ-ын болон бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бие биеэ дэмжиж ажиллахын чухлыг дурдаад тааламжтай цагтаа Монгол оронд айлчлахыг урилаа. Афганистаны Ерөнхийлөгч урилгыг талархан хүлээн аваад хоёр улсын элчин сайдын яамдаараа дамжуулан харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.\О.Дарамбазар редакторлож, Цэцэн хянав\
|