ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар 15-ны өдөр Шанхай хотноо уулзаж ярилцав. Ерөнхийлөгч нар Монгол Улс, ОХУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлээд энэхүү харилцаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан гүнзгийрүүлэж хөгжүүлэхэд тал талдаа чармайлт гарган ажиллахаа нотлов.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улс ОХУ-ыг өөрийн хамгийн чухал түншүүдийнхээ нэг хэмээн үзэж харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байдаг гээд сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрч хүч суларч байгааг залруулах, хамтын ажиллагааны чиглэлүүдээ эргэн харах, харилцаагаа идэвхжүүлэх дорвитой алхамууд хийх шаардлага тулгарч байгааг хэллээ.
Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан идэвхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн энэхүү айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал ихээхэн анхаарч байгаагаа хэллээ.
Ерөнхийлөгч нар удахгүй болох ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комисын хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг нухацтай авч хэлэлцэн цаашдынхаа хамтын ажиллагааг оновчтой тодорхойлохын чухлыг харилцан тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч нар бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бие биеэ дэмжин идэвхи санаачилгатай хамтран ажиллахаар тогтлоо.\О.Дарамбазар редакторлож, Цэцэн хянав\
|