Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 15-ны өдөр Шанхайн хотод Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевтай уулзав.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсанд нь Казакстаны Ерөнхийлөгчид баяр хүргээд ард түмнийхээ тусын тулд өндөр хариуцлагатай албан үүрэгтээ их амжилт гаргахыг ерөөв.
Монгол Улс 2020 он хүртэлх үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичиг боловсруулж байгааг Ерөнхийлөгч Н.Энхбаяр яриад Казакстан Улсын нийгэм, эдийн засгийн богино хугацааны хөгжлийн зорилтоос суралцан энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ. Мөн Монгол, Казакстан улсууд нь хоёулаа шилжилтийн эдийн засагтай орнууд тул өмчийг хувьчлах, эдийн засгийг үр ашгийг дээшлүүлэх, менежментийг сайжруулах зэрэг нийтлэг зорилтуудыг шийдвэрлэж байгаа туршлагаасаа харилцан хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Хоёр орныг холбож байгаа нэг зүйл бол Монголоос Казакстанд шилжин суурьшиж байгаа казах иргэдийн асуудал болохыг Ерөнхийлөгч нар тэмдэглээд талууд энэ чиглэлээр нягт хамтран ажиллаж байгаагаа тэмдэглэв.
Мөн Казакстаны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Засгийн газар хоорондын комисын хамтарсан хуралдааны шийдвэрийн дагуу эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитой түвшинд хүргэн өргөжүүлэн хөгжүүлэхэд тал талдаа чармайлт гарган ажиллахаа талууд харилцан нотоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Казакстан улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. \О.Дарамбазар редакторлож, Цэцэн хянав\
|