Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын тавдахь хэлэлцээний 2 дахь ээлжийн хурал 18-ны үдээс өмнө Бээжинд анхны бүгд хурлаа хийлээ. Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Да-вэй хурал дээр хэлэхдээ: талуудын төлөөлөгчидтэй хамтран, идэвхтэй, уян хатан, ажил хэрэгч байр сууриар хэлэлцээ болон зөвшилцөлд оролцож, энэ удаагийн хэлэлцээг амжилтад хүргэхийн төлөө бүтээлч хүчин чармайлт гаргахад Хятадын төлөөлөгчид бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: 2005 оны 9-р сард баталсан "хамтын мэдэгдэл" нь талуудын нийтлэг ойлголтыг тусгаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байхыг биелүүлэх 6 талын ерөнхий зорилтын улс төрийн тунхаг болж, талуудын журамлан сахих хөтөлбөрийн чанартай бичиг баримт болсон байна. Хойшид хамтарсан мэдэгдлийг бодит үйл ажиллагаагаараа хэрэгжүүлэх явдал болно гэжээ.
БНСУ, Орос, Америк, БНАСАУ болон Япон 5 орны төлөөлөгчдийн тэргүүн 6 талын хэлэлцээний дахин сэргэсэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. "Хамтарсан мэдэгдэл"-д хийсэн амлалтаа үргэлжлэн хэрэгжүүлэхээ талууд дахин нотлоод, яриа хэлэлцээ, зөвшилцөл хийж, энхийн арга барилаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байхыг биелүүлж, улс хоорондын харилцааг хэвийн болгож, зүүн хойт Азийн бүс нутгийг урт хугацаагаар амар амгалан байлгана гэжээ./Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|