Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ний орой Америкийн Ерөнхийлөгч Ж.Бушийн болзсоны дагуу түүнтэй утсаар ярьсан байна. Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө сайн сайхан хөгжиж байна, хоёр тал үргэлжлэн яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Хятад, Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжүүлэх ёстой гэж хоёр орны төрийн тэргүүн үзсэн байна.
Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаарх Америкийн талын нааштай байр суурийг дарга Хү Жинтао сайшаалаа. Тэрээр хэлэхдээ, 2006 онд Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн анхны яриа хэлэлцээ амжилттай болсон нь эдийн засгийн даяарчлал түргэн хөгжиж байгаа нөхцөл байдалд Хятад, Америк илэн далангүй яриа хэлэлцээ хийж бие биеийн ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын эдийн засаг, худалгааны хамтын ажиллагаанд оршиж байгаа асуудлыг зүй зохистой зохицуулж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг тогтвортой хөгжүүлэн, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлд нааштай үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг харуулж байгаа юм гэжээ.
Дарга Хү Жиньтао мөн хэлэхдээ, Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 2-дахь яриа хэлэлцээ нэн даруй болох гэж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ яриа хэлэлцээ нааштай үр дүнд хүрч, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Буш хэлэхдээ, Америк, Хятад эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ хийх нь маш чухал ач холбогдолтой юм, хоёр тал өндөр зиндааны яриа хэлэлцээгээр холбогдох асуудлыг зохицуулахад бэлэн байгааг энэ нь харуулж байна. Америк, Хятадын эдийн засгийн стратегийн энэ яриа хэлэлцээг Хятадын тал маш чухалд үзэж байгаад Америкийн тал баяртай байгаа бөгөөд чухал ахиц хийхийг хүсч байна гэжээ.
Хоёр орны тэргүүн мөн дэлхийн цаг агаарын өөрчлөлт тэрчлэн Солонгосын хойгинй цөмийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|