Хятадын Ардын Чөлөөлөх Армийн байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх болон бүх цэргийн баатар сайчуулыг алдаршуулах хөхүүлэх их хурал 8-р сарын 1-ний өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд болж, Хятадын нам төрийн удирдагч Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг хүмүүс оролцлоо.
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао их хурал дээр хэлэхдээ, Ардын Чөлөөлөх Армийн 80 жил бол бүх сэтгэл зүрхээрээ ард түмэнд үйлчилсэн 80 жил, үндэстний тусгаар тогтнол, нэр хүнд, нийгмийн хөгжил, дэвшлийн төлөө баатарлагаар тэмцсэн 80 жил, дэлхийн энх тайванг хамгаалж, хүн төрөлхтөний дэвшилт үйл хэрэгт тус дөхөм үзүүлэхийн төлөө чухал хувь нэмэр оруулсан 80 Жил мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 80 жилийн хатуужилтай тэмцлээр Ардын Чөлөөлөх Арми нь хувьсгалын шилдэг уламжлалыг бий болгон бүрдүүлсэн байна. Үүнийг хураангуйлбал, намын командлалыг дагах, ард түмэнд үйлчлэх, баатарлагаар байлдах гэсэн болно гэжээ. Шилдэг сайн уламжлалаа үргэлжлэн хадгалан хөгжүүлж, армийн байгуулалтын зөв чиглэлийг баталж, армийн түүхийн үүргээ үр ашигтай биелүүлэхийг батлах хэрэгтэй гэж тэрээр бүх цэрэгт шаардав.
Түүхийн шинэ цаг үед шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санаагаар батлан хамгаалалт болон армийн байгуулалтыг эрчимжүүлэх чухал удирдах чиг шугам болгож, нэн өндөр гараанаас батлан хамгаалалт болон армийн орчин үеийн хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж Хү Жиньтао тэмдэглэсэн байна. 1927 оны 8-р сарын 1-ний өдөр Хятадын Коммунист Нам Хятадын Жянши мужийн Нанчан хотод зэвсэгт бослого удирдан хийснээр ХКН-ын бие даан удирдсан хувьсгалын зэвсэгт хүчин мэндэлсэн юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|