6 талт хэлэлцээний 6 дахь ээлжийн хоёрдох хурал 27-ны өдөр Бээжинд эхлэнэ. Энэ хэлэлцээг шинэ ахицтай болохыг хүсэн хүлээж байна гэж хуралд оролцох БНСУ, Орос, Япон, Америк зэрэг орны төлөөлөгчид 26-ны өдөр илэрхийлэв.
6 талт хэлэлцээний БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Цун Юн воо мөн өдөр Бээжинд хүрэлцэн ирэхдээ: хурлын дараачийн шатны гол хэлэлцэх асуудал бол БНАСАУ-ын цөмийн төхөөрөмжийг "бүх талын бүртгэх" болон "чадавхийг нь алдагдуулах" явдал юм, талууд цөмийн төлөвлөөг орхиулах замын зургийг авч хэлэлцэх болно гэжээ.
Оросын тал шинэ ээлжний 6 талт хэлэлцээнд болгомжтой өөдрөг байр сууриар хандаж байна гэж мөн өдөр Бээжинд хүрэлцэн ирсэн Оросын төлөөлөгчдийн тэргүүн Лосюков хэлсэн байна.
Японы төлөөлөгчдийн тэргүүн Кеничиро Сасае 26-ны үдээс өмнө Токиод Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хиллтэй хэлэлцээ хийж, Хойд Солонгосын цөмийн тоног төхөөрөмжийн чадавхийг алдагдуулахаар гол болгосон дараачийн шатны арга хэмжээний үр ашгийн талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хэлэлцээг ахицтай болгохоор хүчин чармайлт гаргах болно гэж хоёр тал илэрхийлэв.
Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл 26-ны орой Бээжинд хүрэлцэн ирсний дараа, 25-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Кие Гуантай хамт оройн зоог барьж, 6 талт хэлэлцээний хэтийн төлөв зэрэг ердийн асуудлаар Ким Кие Гуантай нааштай хэлэлцсэн гэж Хилл хэлжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|