Хятадын Сычуань мужийн Вэньчуань шяньд 7.8 баллын хүчтэй газар хөдөлсний дараа, Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын гамшигт нэрвэгдсэн районд мөнгө төгрөг, эд бараа хандивлаж, Хятадын Засгийн газар, ард түмний газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх хүчин чармайлтыг дэмжсээр байна.
Орос, Япон, БНСУ, Сингапур зэрэг орны мэргэжлийн тусламжийн хүмүүс 16-ны өдрөөс эхлэн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд хүрэлцэн ирцгээж авран туслах ажилд оролцож байна. Европын холбоо, Киргиз Хятад улсад тусламжийн ажилтан илгээхээ илэрхийлсэн байна.
Орос, Пакистаны Хятадад туслах хэсэг тусламжийн эд бараа мөн өдөр тээврийн нисэх онгоцоор Чэндүд хүрч ирсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун 16-нй өдөр мэдэгдэл нийтэлж, НҮБ-ын Онц байдлын төв сангаас 7 сая ам.доллараар Хятадын Сычуаний газар хөдлөлтөд туслахаар шийдвэрлээ гэж мэдэгдсэн бөгөөд НҮБ Хятадын талын дэвшүүлэх өргөдлийн дагуу нэн олон тусламж ологоход цаг ямагт бэлэн гэж илэрхийлэв. Европын холбооны комисс ч мөн өдөр Хятад улсад 2 сая еврогийн үнэ бүхий эд барааны тусламж олгоно гэж мэдэгдэв.
Газар хөдлөлтийн гамшигт болон гамшгийн дараах сэргээн босголт, гамшгийн онц байдлын тогтолцоо тогтоох зэрэг салбарт ашиглуулахаар Хятад улсад 1 сая 500 мянган ам. доллар болон 1 сая 650 мянган ам. долларын тусламж олгоно гэж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк тун саяхан тус тус мэдэгдэв. Хятад улсад яаралтай тусламжийн зээл олгох болон Хятадын Засгийн газарт туслан гамшгийн хохирол, сэргээн босголтын талын хэрэгцээнд үнэлэгээ хийхэд нь туслахад бэлэн байна гэж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк мөн иллэрхийлсэн байна.
Энэтхэг, Тайланд, Сингапур, Кампуч, Лаос, Алжир, Ирланд, Литва, Дани, Швейцар, Чех, Шинэ Зеланд, Бразили зэрэг орны Засгийн газрууд ч Хятад улсад тусламж олгохоо тус тус мэдэгдсэн байна.
Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт тусламж олгоно гэж Улаан загалмай нийгэмлэг болон Улаан шинэ саран нийгмэлэгийн Олон улсын холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан, Вьетнамын Улаан загалмай нийгэмлэг, Америкийн Улаан загалмай нийгэмлэг, Данийн Улаан загалмай нийгэмлэг, Тайландын Улаан загалмай нийгэмлэг мэдэгдэсэн байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|