17-р зууны үеийн Ойрад монголын их бичгийн хүн, буддын шашны нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайзамцын тод үсэг зохиосны 360 жилийн ойд тохиолдуулан, Хятадын Ардын Их сургуулийн Баруун хязгаарын түүх, соёлын судалгааны газар дурсган тэмдэглэх эрдэм шинжилгээний бага хурлыг 5-р сарын 24-ний үдээс хойно Бээжин хотноо хуралдуулжээ.
Доктор, профессор Боржигидай Оюунбилиг хурлыг даргалж байгаа нь
Уг хуралд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл, Зохиолын Хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор Л. Хүрэлбаатар, Хятадын Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор, Олон Улсын Монгол Судлалын Холбооны гүйцэтгэгч шигүүн Ч.Хишигтогтох, Хятадын Ард Их Сургуулийн Баруун хязгаарын түүх, соёлын судалгааны газрын доктор, профессор Боржигидай Оюунбилиг, Бээжин Их Сургуулийн Дорно дахины хэлний салбарын доктор, профессор Дулаан, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн Доктор Цэнгэл нарын зэрэг эрдэмтэн нар урилгаар оролцсон байна.
Доктор, профессор Хуан Пүминь хурлыг нээж үг хэлж байнаа нь
Хятадын Ард Их Сургуулийн Баруун хязгаарын түүх, соёлын судалгааны газрын доктор, профессор Боржигидай Оюунбилиг бага хурлыг даргалж, Хятадын Ард Их Сургуулийн Түүх, Соёлын Судлалын Дээд Сургуулийн байнгын орлогч захирал, доктор, профессор Хуан Пүминь хурлыг нээж үг хэлэв. Тэрээр юуны өмнө эрдэм шинжилгээний уг бага хурал хуралдаж байгаад баяр хүргэсэн бөгөөд сургуулийнхаа байдлыг хуралд оролцсон эрдэмтэн нарт товч танилцуулж, эрдэм шинжилгээний бага хурлын амжилттай хуралдахыг хүсэн ерөөжээ.
Доктор, профессор Л.Хүрэлбаатар өгүүлэл уншиж байгаа нь
Бага хурал дээр, доктор, профессор Л.Хүрэлбаатар "Сүмбахамбын Норбугитака буюу тунгалагжуулагч чандмани эрдэнэ ганжуурын судлалд холбогдох нь", профессор Ч.Хишигтогтох "Монгол үсэг бичгээ өнө үүрд эрхэмнэн өргөж явахын учир", доктор Цэнгэл "17-р зууны дунд сүүлч үеийн Ойрад болон Хашины хонгил", доктор, профессор Оюунбилиг "Лазан хаан болон Диба 1705 онд", доктор Мянгад Эрдэмт "Хятад улсад хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгүүд" гэсэн сэдвээр тус тус өгүүлэл уншсан байна.
Профессор Ч. Хишигтогтох өгүүлэл уншиж байгаа нь
Уг бага хурал нь тод үсгийн талаарх судалгаа шинжилгээ, түүний ололт амжилтын тухай мэдээлэл солилцоход түлхэц болсон хурал боллоо хэмээн хуралд оролцсон эрдэмтэн нар санал нэгтэй үзжээ. \О.Дарамбазар мэдээлэв.\
|