Хятадын нутаг дэвсгэр нөөц баялгийн яам 10-ны өдөр зар нийтлэж, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн геологийн гай гамшгийг шалган байцаах ажлыг 6-р сарын 15-ны өдрөөс өмнө биелүүлэхийг холбогдох орон нутгийханд шаардав.
Геологийн гай гамшгийн далд аюулыг зохицуулан шалгаж үнэлгээ хийх ажлаа түргэн биелүүлж, уул нурах, хад юүрэх зэрэг гарч мэдэх далд аюулын байдлыг шалган байцаах, ялангуяа хот суурин, хөдөө тосгон, гамшигт нэрвэгдсэн хүн ардыг түр төвхнүүлсэн цэг, авран туслах хүмүүсийн сууж байгаа газар, дэд бүтцийн эргэн тойрны газрын геологийн гай гамшгийн далд аюулыг шалган байцааж, холбогдох салбаруудын гамшгийн дараах сэргээн босголтын төлөвлөгөө хийхэд үндэс баримт хангахыг Сычуань, Шааньши, Ганьсү, Чүнчингийн нутаг дэвсгэр нөөц баялгийн газарт уг зард шаардсан байна.
Энэ оны 5-р сард Хятадын геологийн гай гамшиг үүссэн тоо, хүн ардын үрэгдэж, бэртэж гэмтсэн болон сураггүй алга болсон тоо хэмжээ, эдийн засгийн шууд гарз хохирол зэрэг нь цөмөөрөө түүхийн шинэ хэмжээнд хүрсэн байна. Түүний дотор газар хөдлөлтөд ноцтой нөлөөлөгдсөн Сычуань, Ганьсү, Шааньши гурван мужид нийт 10565 удаагийн геологийн гай гамшиг үүсч, Хятадын хэмжээний геологийн гай гамшгийн нийт хэмжээний 97 хувийг эзэлсэн юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|