
Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Танзани улсад хийсэн төрийн айлчлалаа бүрэн дүүрэн амжилттай өндөрлөөд найрсаг хамтын ажиллагааны аяллаа үргэлжлүүлэхээр Дар-Эс-Саламаас Маврикий орохоор мордов.
Танзани улсын ерөнхийлөгч Жакая Мришо Киквете нисэх онгоцны буудалд дарга Хү Жиньтао нарын зэрэг хүмүүсийг өргөн их ёслол үйлдэж үдэн мордуулжээ. Энэ бол Хятад улсын төрийн тэргүүний Танзанид хийсэн анхны айлчлал мөн. Айлчлалын хугацаанд дарга Хү Жиньтао Танзанийн удирдах хүмүүстэй уулзалт хэлэлцээ хийж, Хятад Танзанийн уламжлалт найрамдлыг бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг нэн өндөр төвшинд гаргах зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Дарга Хү Жиньтао Дар-Эс-Саламд байх үеэр бас Хятад Африкийн харилцаатай холбогдуулан илтгэл тавьж , Хятадын ард түмэн Африк хоорондын уламжлалт найрамдлыг нандигнан үзсээр ирсэн бөгөөд Африкийн ард түмнийг итгэл найдвартай, түшилцэж болох анд нөхдөөр үзэж, Африкийн ард түмэнтэй хэзээд сайн анд, сайн түнш болоход бэлэн байна гэж цохон тэмдэглэсэн байна.
Танзани улс бол дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн найрсаг айлчлалын 4 дэх өртөө юм, үүнээс өмнө тэрээр Саудын Араб, Мали, Сенегал зэрэг гурван оронд айлчилсан юм. \Хүчит орчуулж, Урангоо хянав\
|