Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао манай оронд анх удаагаа айлчилж байгаа Японы Гадаад хэргийн шинэ сайд Хирофуми Накасонетай 3-р сарын 1-ний өдөр Бээжинд уулзаж, Хятад, Японы харилцаа, тэрчлэн харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов.
Хирофуми Накасоне бол Японы экс Ерөнхий сайд Ясухиро Накасонегийн хүү юм. Аавдаа миний сайн сайхны мэндчилгээг дамжуулж өгнө үү гэж Хирофуми Накасонед Вэнь Жябао хүссэн бөгөөд Хятад, Японы найрамдлын төлөө энэ аав хүү хоёулын оруулсан хувь нэмрийг үнэлэн сайшаасан байна. Хятадын хоёр чуулган болох гэж байгаа үеэр цаг зав гаргаж өөртэй нь уулзсан Ерөнхий сайд Вэнь Жябад Хирофуми Накасоне талархав.
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүэ мөн өдөр Хирофуми Накасонетай уулзаж, санал бодлоо чин үнэнчээр гүнзгий солилцсон байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар Хирофуми Накасоне 2-р сарын 28-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирж айлчилж байгаа юм. 28-ны өдөр Ян Жэчи түүнтэй хэлэлцээ хийж, өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямралын нөхцөл байдалд, хоёр талын, бүс нутгийн болон олон улсын хэмжээн дэх хамтын ажиллагаагаа хоёр орон эрчимжүүлэх ёстой гэж хоёр тал үзэв. Дяо Юйдао арлын асуудлаар Ян Жэчи Хятадын талын төв чанга байр суурийг бүх талаар тодорхойлж, үг яриа, үйл ажиллагаагаа хичээн болгоомжлохыг Японы талд шаардсан байна.
Накасоне Хирофуми 3-р сарын 1-ний үдээс хойно, Хятад улсад хийсэн 2 хоногийн айлчлалаа өндөрлөж Бээжигээс мордлоо. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\
|