Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзсэн Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадамд урамтай сайхан барилдаж, дөнгөж сая Казахстаны бөх А.Зиткиг ялснаар Монгол Улсын олимпийн анхны аварга боллоо.
Түвшинбаяр өнөөдөр эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сузукиг ялсан бол дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг ялсан юм. Түүнчлэн дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг ялснаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны бөх Мовлуд Миралиевыг ялсан бол ийнхүү аваргын төлөө Афины олимпийн 7-р байрын шагналт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн алт, мөнгөн медальт, Казакстан улсын бөх А.Зиткиг ялж, эх орондоо олимпийн аваргын анхны алтан медалийг авчирлаа.
|