НҮБ-ын тохиролцуулсан Ливан ,Израилийн гал зогсоох хэлэлцээр Гринвичийн цагаар 14-ний өдрийн 5 цагаас эхлэн албан ёсоор хүчинтэй болсон байна. Өнөө Ливан ,Израилийн байдал нам тайван болж, шинэ мөргөлдөөн гарсан мэдээлэл байхгүй байна.
Ливаны эсрэг довтолгооны шинж чанартай цэрэг дайны үйл ажиллагаагаа зогсоо гэж гал зогсоох хэлэлцээр хүчинтэй болохоос өмнө Израиль тэнгис, хуурай, агаар гурван замын цэрэгтээ тушаал буулгасан байна. Гэвч Ливаны цагдаагийн байгууллагын хэлж байгаагаар, Израилийн цэрэг гал зогсоохоос өмнөх хоёр цагийн дотор Ливаны Тире болон Хиямын ойролцоохи районыг их буугаар галласан бөгөөд гал зогсохоос 45 минутын өмнө Ливаны эсрэг агаарын шинэ дайралт хийсэн юм байна.
Израилийн хуурай замын цэрэг Ливаны өмнөд хэсэгт үргэлжлэн байх болно. Хэрэв Хезбуллах намын зэвсэгт хүчин гал зогссоныг зөрчвөл Израилийн цэрэг хариу цохилт өгөх эрхтэй юм гэж Израилийн хойт хэсгийн цэргийн тойргийн өндөр тушаалын албаны хүн мөн өдөр хэлсэн байна. Израилийн радиогийн мэдээлснээс үзвэл, Хезбуллах намын зэвсэгт хүчин гадаадаас зэр зэвсэг олохыг хориглохын төлөө Израилийн цэрэг мөн Ливаныг агаар, тэнгисээр үргэлжлэн хаах юм байна. Израилийн хэсэг цэргийн анги Ливаны өмнөд хэсгээс гарч эхлэв гэж Израилийн цэргийн тал мөн мэдээлсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|