Пакистаны экс ерөнхий сайд, Пакистаны Ардын намын дарга Б. Бутто 27-ны өдөр сонгуульд өрсөлдөх цуглаанд оролцохдоо дайралтад өртөн амь үрэгдэв. Олон улсын хамтын нийгэмлэг мөн өдөр дайралтын энэ хэргийг хатуу зэмлэн буруушаацгаав.
Хятадын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Чинь ган үүнд холбогдуулан үг хэлж, Хятад улс террорист дайралтын энэ үйл ажиллагааг хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд Б.Буттогийн хөнөөгдсөн явдалд цоцордож байна. Мөн үүний зэрэгцээ Б. Буттогийн болон бусад хохирогчдын гэр бүлийнхэнд анхаарал халамжаа хандуулж байна гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мун мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, энэ хэрэг нь Пакистаны тогтвортой байдал болон ардчиллын үйл явцыг эвдэх зорилготой юм. Энэ аллагыг үйлдсэн холбогдох этгээдийг эрхбиш хуулиар шийтгэх хэрэгтэй гэжээ.
Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш үг хэлж, хэт даврагч этгээдийн Пакистаны ардчлалыг эвдэхээр оролдсон алан хядлагын энэ ажиллагааг хатуу зэмлэн буруушаав.Террорист этгээд болон хэт даврагч этгээдтэй тэмцэх Пакистаны ард түмний тэмцлийг Америк дэмжих бөгөөд Пакистаны ард түмэн "ардчиллын үйл явцаа цаашид " үргэлжлүүлэхийг хүсч байна гэж Буш цохон тэмдэглэв.
Дайралтын энэ хэрэг нь Пакистанд л чиглэж байгаа биш, тэр нь Олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг хийж байгаа өдөөлгийн ажиллагаа мөн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин онцлов. Европын холбооны комиссын дарга Барросо мөн 27-ны өдөр мэдэгдэл нийтэлж, энэ дайралт нь ардчилал болон бүх Пакистан улсад чиглэсэн "хэрцгий дайралт" мөн гэж тэмдэглэв.
Арабын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амр Мусса мэдэгдэл нийтэлж, дайралтын энэ үйл ажиллагааг хатуу зэмлэн буруушаав. Энэ бол сэтгэл эмзэглүүлсэн зол бус хэрэг мөн, миний бие Пакистаны ард түмний уй гашууг хуваалцан чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Үүнээс гадна, Лалын хурлын байгууллага, Энэтхэг, Афганистан, Иран, Англи, Франц, Герман, Итали, Польш, Сингапур, Бангладеш, Бразили, Египет, Сири, Ливан, Алжир, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрайн, Оман зэрэг улс орон дайралтын энэ үйл ажиллагааг зэмлэн буруушаацгаав.\Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|