Израилийн цэрэг 27-ны өдрөөс Газын бүс нутгийн хэдэн арван объект руу өргөн хэмжээний агаарын дайралт хийж, наад захдаа 300 хүнийг алж, 1000 гаруй хүнийг шархдуулжээ. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг зэмлэн буруушааж байна.
Арабын орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Амар Мусса 28-ны өдөр, Арабын холбоо дараа алхамд гадаад хэргийн сайд нарын бага хурал хуралдуулж, Израиль Газын зурвасыг бөмбөгдсөн асуудлаар Арабын орнуудын байр суурийг зохицуулж, Палестин Израилийн гал зогсох асуудлыг хэрхэн ахиулах тухай ярилцах болно гэж илэрхийлжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы дарга Мигуел Деското Брокман 28-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Израилийн Газын бүсийг агаараас бөмбөгдөж их олон эгэл номхон ардыг хөнөөсөн ажиллагааг зэмлэн буруушааж, цэргийн энэхүү үйл ажиллагаа нь олон улсын хүмүүнлэгийн үзлээс ноцтой няцсан байна гэж тэмдэглэжээ.
Францын ерөнхийлөгч Николас Саркози 28-ны өдөр Палестины үндэстний эрхт байгууллагын дарга Махмуд Аббастай утсаар ярих үедээ Газын бүсийн хүчирхийллийн ажиллагаа шат өгссөнд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 28-ны өдөр мэдээлснээр, Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама 27-ны өдөр Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай Израиль Газын бүсэд цэргийн үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан утсаар ярьсан байна.
Үүнээс гадна, Европын холбоо, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, Исламын хурлын байгууллага зэрэг олон улсын байгууллага, Египет, Иран, ОХУ, Оман, Иордан, Сири, Судан, Тунис, Алжир, Аргентин, Саудын Араб, Ирак, Куба зэрэг улс орон тухайн газрын хурцадмал байдал шат өгссөнд анхаарал хандуулсан байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|