Израилийн цэргийн Газын зурваст явуулж байгаа цэрэг дайны үйл ажиллагаа 29-ны орой болтол үргэлжилсээр байна.
Израилийн байлдааны нисэх онгоц 29-ний орой Газын зурваст цохилтоо эрчимжүүлэв. Палестины ХАМАС-ын хяналтад байгаа сүм хийд, тэрэг унаа, орон сууц зэргийг цохилт өгөх гол объектоо болгожээ. Сүүлийн хоёр удаагийн цохилтод ХАМАС-ын харьяаллын зэвсэгт бүлэглэл Лзз Ал-Дин Ал-Кассам бригадын нэг дээд удирдагчийн орон сууц өртөж, 7 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархаджээ.
Израилийн цэрэг агаараас 305 гаран удаа цохилт хийж, наанадаа Палестины 345 хүн амь үрэгдэж, 1600 гаран хүн шархдав гэж Газын зурвасын шуурхай тусламж үзүүлэх салбарын хариуцлагатан 29-ны өдөр хэлсэн байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун 29-нд дахин мэдэгдэл хийж, хүчирхийллийн ажиллагаагаа нэн даруй зогсоох шаардлагатай арга хэмжээ авч, ард иргэдийн амь насыг хамгаалах хэрэгтэй гэж Израиль болон Палестинд уриалжээ.
Европын холбоо 30-нд Парист гадаад хэргийн сайд нарын онц хурал хуралдуулж, Дундад дорнодын байдлыг авч хэлэлцэнэ гэж Европын холбооны жижүүр дарга орон Франц 29-нд мэдээлжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав./
|