Их Британид айлчилж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Их Британий нэрт их сургууль Кембриж Их Сургуульд "Хөгжлийн харцаар Хятад орныг харъя" сэдвээр лекц уншиж, одоогийн тэргүүн үүрэг бол хамтран ажиллаж хүндрэл бэрхшээлийг хамтаар ялан давах явдал юм гэж цохон тэмдэглэжээ.
Вэнь Жябао эн тэргүүнд Хятадын түүх, одоогийн байдал тэрчлэн олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэхийн тулд Хятадын Засгийн газрын авсан арга бодлогыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, урд өмнө гарч өнгөрөөгүй дэлхийн банк санхүүгийн хямралын өмнө, харилцан итгэлцэж хамтран ажиллах хэрэгтэй гэжээ. Тэрээр дэлхийн банк санхүүгийн хямралтай тэмцэх талаарх Хятадын Засгийн газрын зорилтыг тахин тодрууллаа. Энэ нь тухайлбал: Нэгт, олон орнууд өөр өөрийн үйл хэргээ сайтар зохицуулсан байх хэрэгтэй. Хоёрт, чин үнэнчээр хамтран ажиллах хэрэгтэй. Гуравд, өнгөн тал болон үндсэн байдлыг хамт нь зохицуулах хэрэгтэй гэсэн зэрэг эдгээр болно. Олон улсын валютын тогтолцоонд өөрчлөлт хийж, олон улсын банк санхүүгийн төв голч, шударга, дэг журамтай тогтолцоо тогтоож, дэлхийн эдийн засгийн хөгжилд ашигтай тогтолцооны орчин бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.
Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, ёс суртахуун алдагдсан нь энэ удаагийн банк санхүүгийн хямрал буй болсны гүн давхаргын нөхцөл болно. Энэ удаагийн хямралыг үр ашигтай зохицуулж, ёс суртахууны үүргийг дээд хэмжээнд чухалчлан үзэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|