Хятад улсын Дарга Хү Жиньтао 10-наас 12-ны өдрүүдэд Саудын Арабын Вант Улсад төрийн айлчлал хийсэн байна. Сүүлийн өдрүүдэд Саудын Арабын сонин хэвлэл, телевиз, веб сайт зэрэг хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүд дарга Хү Жиньтаогийн айлчлалд ихээхэн анхаарал хандуулж, бүх талаар мэдээлж нааштай үнэлцгээсэн байна.
Саудын Арабын хамгийн олон уншигчидтэй Араб хэлний сонин "Эр-Рияд сонин" 11-ний өдөр тэргүүн хэвлэлийн эхний нүүртээ Дарга Хү Жиньтаогийн айлчлалын ажиллагааг дэлгэрэнгүй мэдээлсэн бөгөөд том өнгөт зураг хавсаргасан байлаа. Уг сонин бас тэргүүн хэвлэлдээ "Хятад улс-Анд найз-Түнш" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлж, Саудын Араб болон Хятадын нөхөрлөл нь өнө удаан түүхтэй юм, сүүлийн жилүүдэд хоёр орны стратегийн чанартай найрсаг харилцааны эхлэл сайн байна, ирээдүйн хамтын ажиллагааны зам суваг ч улмаар өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.
Саудын Арабын англи хэлээр хэвлэгддэг "Саудын Арабын мэдээ сонин" 11-ний өдөр тэргүүн хэвлэлдээ, Саудын Арабын ван Абдуллах Вен Абдел Азиз болон Дарга Хү Жиньтаогийн хэлэлцээ хийсэн тухай мэдээлж, том зураг хавсаргасан байлаа. Уг сонин бас Саудын Араб дахь Их Британийн банкны тэргүүн эдийн засагч Жон Сфакинакисийн өгүүллийг нийтэлсэн байна. Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Саудын Араб болон Хятадын харилцаа нь "урт хугацааны турш харилцан ашигтай" байдлаар хөгжиж, хоёр орны шууд худалдааны хэлхээ холбоо нь ирэх хэдэн жилд нэн эрчимжинэ, энэ нь хоёр орны харилцааг улам нягт болгох болно гэжээ.
Саудын Арабын араб хэлний гол сонины нэг болох "Амьдрал буюу Аль Хаят сонин" 12-ны өдөр уг сонины нүүрийнхээ гурваны нэг хувьд Дарга Хү Жиньтаогийн айлчлалыг мэдээлж, Саудын Араб болон Хятадын улс төр, эдийн засаг болон шинжлэх ухаан техникийн салбарт олсон хүмүүсийн анхаарлыг татсан хөгжил ахицыг онцолсон байна.
Саудын Арабын гол гол телевиз болон веб сайтууд ч сүүлийн өдрүүдэд Дарга Хү Жиньтаогийн Саудын Араб дахь үйл ажиллагаануудыг мэдээлцгээж байна.\Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|