• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Наньжин хоргой

CRI       (GMT+08:00) 2015-05-27 09:59:12

Хятадын эртний хаад эзэд луун хээт тансаг эрхэмсэг дээл хэрэглэдэг байв. Тэгвэл энэхүү луун хээт дээлийг ямар материалаар оёдог байсан бэ гэвэл даруй хоргой торго юм. Энэ төрлийн торгоны хээ агаар тэнгэр дэх үүлэн солонго мэт уран үзэсгэлэнтэй тул "үүлэн хээт хоргой" гэж нэрлэсэн байдаг. Үүлэн хээт хоргой Наньжинд үүсэж буй болсон тул "Наньжин хоргой" гэж ч нэрлэдэг.

Хоргой торго одоогоос 1500 гаруй жилийн өмнө гэхэд хэрэглэгдэж байжээ. Алт, мөнгөн утас, тогосны өд, хүр хорхойн мяндас зэргээр нэхэж бүтээдэг. Хоргой торгоны хээ эрээ өвөрмөц соёлын агуулгатай. Голдуу хаан эздийн эрх мэдэл, зөгнөл бэлгэдлийг илэрхийлсэн хээгээр голлодог. Тансаг эрхэмсэг хоргой торго нь торгоны урлалын хамгийн дээд төвшнийг төлөөлдөг. Эртний үед хоргой торгыг голдуу ордны хэрэглээнд зориулж байсан ба заримыг нь гавьяат түшмэл нарыг шагнах, гадаадын хаан ноёд, элч нарт бэлэг болгоход хэрэглэж байв.

Наньжин хоргойг маш нарийн төвөгтэй хөдөлмөрөөр нэхдэг. Нэхэх төхөөрөмж 5 метр гаруй урт, 4 метр өндөртэй. Хоёр нэхмэлчин хамтран ажиллах чухалтай. Нэг өдөр зөвхөн 5, 6 миллиметр л нэхэгддэг тул ардын дунд "магнаг хоргой шижир алттай адил" гэж хэлцгээдэг байна. Хэрэв 78 миллиметр өргөнтэй магнаг торго нэхэхээр бодоход 14 мянган ширхэг торгон утсаар гол утас хийж, бүх хээ эрээг энэхүү 14 мянган ширхэг утсан дээр сүлжиж нэхнэ. Яг компьютерын програмчлал мэт нарийвчилсан бөгөөд бэрх хатуужилтай хөдөлмөр ордог.

Наньжин хойргойн урлал өндөр хөгжилд хүрсэн түүхэн үед 30 мянга гаруй нэхмэлийн төхөөрөмж байсан ба 300 мянган хүн ард хоргой нэхмэлийн үйлдвэрлэлээр амьдралаа болгож байжээ. Соёлын болон шинжлэх ухаан техникийн баялаг агуулгыг шингээсэн тул тэр нь "Хятадын нэгдүгээр гайхамшиг" гэж олноо хүлээн зөвшөөрөгджээ. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Хятадын засгийн газар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хоргой торгоны нэхмэлийг сэргээн хамгаалжээ. Наньжин хоргой торгоны судалгааны газар Хань гүрний үеийн "шаа хувцас", Мин гүрний үеийн луун хээт дээл зэргийг амжилттай хувилан сэргээжээ. Хоргой торго нэхэх бүтээх урлалыг өнөөдрийг хүртэл машин механикаар орлуулж чадаагүй бөгөөд хоргой торгоны ур техникийг мэддэг чаддаг хүн 50 хүнээс хэтрэхгүй аж.

2009 онд, Наньжиний хоргой нэхмэлийн урлалыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэн авчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе