• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

No Smoking in Beijing. Эсвэл 10 мянга юаниар торгуулах уу ?!

CRI       (GMT+08:00) 2015-06-19 11:31:42

Жил бүрийн 5-р сарын 31-нд Дэлхийн олон улс орон тамхигүй өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн тамхигүй өдрийг тамхи хэрэглэгч, тамхи үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том орон болох Хятад улс онцгой хэмжээнд тэмдэглэлээ. Хятадын нийслэл Бээжин хотод 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн тамхины эсрэг маш хатуу заалттай тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татлаа.

Дэлхийн нийт тамхины 40 хувийг Хятадад үйлдвэрлэж байна. Дэлхийн нийт тамхичдын 36 хувь нь Хятадад амьдарч байна. Хятад улс 320 сая тамхичинтай. Түүнээс 4 сая нь нийслэл Бээжин хотын иргэд.

6-р сарын 1-нээс эхлээд Бээжин хотод онгоцны буудал, галт тэрэг, нийтийн тээврийн зогсоол зэрэг олон нийтийн газар тамхи татахыг бүрэн хориглолоо. Мөн хүүхдийн цэцэрлэг, бага дунд сургуулийн эргэн тойронд, задгай талбай ч тамхи татахыг хоригложээ.
Тамхи татаж байгаад баригдлаа гэж бодъё. Тэгвэл хувь хүнийг 200 хүртэлх юаниар, албан байгууллагыг 10000 хүртэлх юаниар торгоно. Тамхичдад гишгэх газар өгөхгүй шахам "хатуу" заалттай энэ тогтоолд хүмүүс яажшуухан хандаж байгаа бол? Тэр тусмаа Бээжинд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд ямар сэтгэгдэлтэй байгааг сонсмоор байна.

Бээжинд 3 дахь жилдээ ажиллаж байгаа Японы Асахи телевизийн сэтгүүлч Ямашита Тэцуяа.

"Тамхины эсрэг тогтоол хэрэгжиж эхэлснийг сонсоод би маш их цочирдсон. Токиод ч гэсэн тамхины эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа л даа. Гэхдээ ажлын байранд бол тамхи татахад зориулсан тусгай өрөөтэй. Харин Бээжинд тас хориглочихсон. Албан өрөө маань 13 давхарт байдаг болохоор тамхи татахын тулд би өдөртөө бараг 6-8 удаа дээш доош гарч бууж байна даа" гэж 30 гаруй жил тамхи татаж байгаа Ямашита Тэцүяа ярьж байна.

Тамхины эсрэг шинэ тогтоолд олон нийтийг оролцуулж, олон нийтээр хяналт тавиулах, шангаж урамшуулах тухай шинэлэг тогтолцоог бий болгожээ. Тамхичдын тухай санал гомдол хүлээн авах 12320 шууд утас, бас "Утаагүй Бээжин" нэртэй олон нийтийн цахим сүлжээ ажиллаж байгаа юм байна. Виллиам Ван Америкийн иргэн. Тэрээр тамхигүй орчныг хүсдэг нэгэн. "Шууд утас ажиллаж байгааг би сая л мэдлээ. Хэрвээ би олон нийтийн газар тамхи татаж байгаа хүнтэй таарвал гомдол гаргана л гэж бодож байна. Ер нь би тамхитай орчныг тэвчдэггүй. Надад маш хэцүү байдаг. Тэр бүр очоод битгий тат гэж хэлэх боломжгүй учраас шинэ тогтоолыг би бүрэн дэмжиж байна" гэлээ.

320 сая тамхичинтай Хятад улсад жил тутамд сая гаруй хүн тамхитай холбоотой элдэв өвчнөөр амиа алддаг. Тэднээс 100 мянга нь дам тамхидалтад өртөгсөд гэж байгаа. Бээжинд ажиллаж амьдарч байгаа Энэтхэгийн Тамил Нада мужийн иргэн Ранда Ринадан тамхийг хориглох нь хүүхэд залуусын эрүүл мэндэд тустай гэж үзэж байна. "Энэ тогтоолыг үнэхээр сайн хэрэгжүүлж чадах юм бол Бээжин хотын орчин сайжирч, тамхичдын тоо улам цөөрнө гэж бодож байна. Тэгээд ч хүүхэд залуучуудын эрүүл мэнд тустай" гэж тэр ярьж байна.

Тамхичдын тоог бууруулахын тулд Бээжин хотын 301, Ань Жэнь зэрэг томоохон эмнэлгүүдэд тамхинаас гаргах эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа юм байна. Архаг тамхичдын тоонд багтах Ямашита Тэцуяа ч тамхины хэрэглээгээ багасгаж байгаад тамхиа бүр мөсөн хаяхаар шийдсэнээ ярьсан юм. /Бэлтгэсэн: Алтаннавч,Эрдэнэсувд/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе