|
|
||
Негевийн цөл. Израйлийн нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг эзэлдэг энэ их элсэн цөлд мянга мянган жилийн түүх соёлын ул мөр үлджээ. Тэдгээрийн нэг нь Авдат хотын туурь юм. Энэ хот МЭӨ 7-р зуунаас МЭ2-р зууны хооронд Ливан, Египтээс Араб, хойд Африкаар дамжин Энэтхэг, зүүн өмнө Ази хүрдэг байсан "Үнэртний зам" хэмээх эртний худалдааны замын 62 дахь өртөө байсан юм. Авдат хот эртний иргэншилт набатей хүмүүсийн амьдарч байсан газар гэдгээрээ ч алдартай. ЮНЭСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн цөлийн баян бүрд, эртний Авдат хотоор хамтдаа аялцгаая.
Израйлийн Негевийн цөл - ус ч үгүй, ургамал ч үгүй үхлийн цөл яавч биш ээ. Хаа сайгүй ургасан аршийн алга – кактус, эгээ л нарлаж зогсоо хүмүүс шиг харагдах ажээ. Элсэн говийн хөлөг онгоц - тэмээ ч энд ховрын амьтан огт биш. Тэр тусмаа Авдат хот - Негевийн цөлийн сувд, үзэсгэлэнт баян бүрд. Авдат хот бол Ойрхи дорнын эртний түүхэнд "Үнэртний зам" гэж алдаршсан худалдааны зам дахь чухал хот, 62 дахь өртөө юм. Арабын хойгоос Газа боомт хүртэл үргэлжилдэг. Өдгөө бол түүх соёлын чухал дурсгалт цогцолбор. Энд зорчих жуулчдад зориулж эртний худалдаачдын хөшөөг босгожээ. Авдат хотыг танилцуулсан дүрс бичлэгийг үзүүлж байна.
"Авдат хотын тууриас та, оршин суугчдынх нь амьдарлын хэв маягийг мэдэж авч болно. Түүгээр дамжуулан элсэн цөлийн дунд орших энэ хот гайхамшигтай сайхан хөгжилд хүрсний шалтгааныг ч ойлгох боломжтой"
Авдат хот эртний Грекээс Ромын эзэнт гүрний сүүл үе хүртэл "Үнэртний зам" дагуух жижигхэн өртөө төдий байжээ. Голлон набатейчүүд амьдардаг. Гүгэл зэрэг үнэртний худалдааг улам бүр цэцэглүүлэхийн тулд набатейчүүд морин өртөө, харуулын цонж, цайз цамхаг байгуулж, дамжин өнгөрөх жинчдэд тав тухтай үйлчлэх болжээ. Ингэж л набатейчүүд Үнэртний замыг нээсэн түүхтэй. Тэд Йемэнээс элдэв үнэртэн, үнэртэй ус, давс зэргийг тэмээнд ачаалан, боомт хот Газад хүргэдэг байв. Энэ талаар тайлбарлагч Эффи Перри, "МЭ 106 онд Ромын эзэнт гүрэн Набатейг дайлсан юм. Гол нь эд мөнгөний төлөө л дөө. Набатейчүүд Йемэнээс Газа хүртэлх Үнэртний замыг эзэмшиж байсан. Ромын эзэнт гүрэн тэднээс хэдэн мянга дахин өндөр үнээр үнэртэн худалдаж авч байсан болохоороо олон удаа дайрч, эзлэхийг оролдсон байдаг. Маш хэцүү л дээ. Элсэн цөлд яаж амьд үлдэхийг, яаж ус олж уухыг набатейчүүдээс илүү хэн мэдэх вэ дээ?" гэж ярьж байна.
Зүүн Ромын эзэнт улс буюу Византийн эзэнт улсын үед Авдат хот томоохон суурин болж хөгжсөн байв. Тэд усан сан байгуулж, усан үзмийн аж ахуй эрхэлж, газар доор хүнс хадгалах зоорь гаргаж ашиглаж байсан байдаг. Энэ талаар, "Набатейчүүд нүхэн байгууламж барихдаа тун гаргууд байсан. Тэд бас ухаж гаргасан чулуугаараа бас нүхний гадна барилга босгоно. Нүхэн гэрт сэрүүхэн таатай бас нэрмэл усан үзэм хадгалахад тохиромжтой байдаг байж л дээ" гэж Эффи Перри хэллээ.
Авдат хотын хамгийн өндөр байгууламж дээрээс хот бүхэлдээ сүрдмээр сайхан харагдах ажээ. Орчин үеийн бүтээн байгуулалт, зам, барилга харагдах боловч хоёр мянган жилийн шалгуурыг давж, өнөө ч бүрэн бүтнээрээ үлдсэн Авдат хотыг харахдаа набатейчүүдийн оюун ухааныг өөрийн эрхгүй биширдэг. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |