• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бразилын олимпт Хятадын метро үйлчилнэ

CRI       (GMT+08:00) 2015-06-19 15:27:24

Хүн төрөлхтний зуны олимпийн наадам 2016 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болно. Бразилын олимпийн бэлтгэл ажилд дэлхий нийтээрээ анхаарч байгаа энэ мөчид 2008 оны зуны олимпийг амжилттай зохион байгуулсан туршлагатай Хятад улс ч идэвхтэй гар бие оролцож байна. Бразилын олимпын үеэр Хятадын Чанчүнь хотын төмөр замын тээврийн хэрэгслийн компанид үйлдвэрлэсэн метроны шугамууд ажиллах юм.

Хятадын CNR корпорацийн далбаан дахь Чанчүний төмөр замын тээврийн хэрэгслийн компани одоогоос гурван жилийн өмнө 130 сая ам доллароор Рио-де-Жанейро хотын "олимпын шугам"-д үйлчлэх 15 метроны төслийг тендерээр худалдан авсан юм. Тэдний үйлдвэрлэсэн эхний метроны шугам энэ оны 2-р сард ашиглалтад орсон. Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрт тархсан хэдий ч Хятадад үйлдвэрлэсэн метро анх удаа хилийн чанадад ажиллаж эхэлж байгаа нь энэ юм. Рио-де-Жанейро дахь олимпын шугам буюу метроны 4-р шугамын менежер Федро ярихдаа, "Хятадад үйлдвэрлэсэн метрог ашиглах эсэхээ шийдэхийн тулд бид багагүй хугацаа зарцуулсан. Дэлхийн бүх нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг судалсан. Тухайн үед Хятадын метро хамгийн боломжтой сонголт байсан л даа. Одоо бол бид маш зөв сонголт хийсэндээ итгэлтэй байна" гэж ярив.

Дэлхийн хамгийн чанд хатуу стандарт дизайнтай метрог үйлдвэрлэхийн тулд үг хэл, соёл иргэншлийн ялгаа зөрүү, орчин нөхцөлд дасан зохицох гээд олон төвөг бэрхшээлийг давж, 363 тонн жинтэй, 56 градусын өндөр халуунд ажиллах чадвартай Бразил загварын метрог Хятадын CNR корпорац үйлдвэрлэжээ. Тус компанийн Бразил дахь төслийн хариуцлагатан Жао Яао, "Өмнө нь ерөөсөө ийм метро хийж байгаагаагүй болохоор энэ захиалгыг анх авахдаа бид бага зэрэг эргэлзэж байсан л даа. Хятадын дотоодод ашиглаж байгаа метро ердөө 120 тонн жинтэй. Харин Бразилын талаас 363 тонн жинтэй, 160 см өргөн царигтай метро захиалсан. Бидний хувьд өндөр, өргөн бөгөөд хүнд даацын метро үйлдвэрлэх нь маш том сорилт байсан" гэлээ.

CNR корпорац Рио-де-Жанрейрогийн халуун уур амьсгалд зохицуулж, метронд өндөр хүчин чадалтай агааржуулагч суурилуулсан байна. Далайн эргийн чийглэг агаарт нийцүүлж гадна бүрхүүлийг нь зэвэрдэггүй гангаар хийжээ. Мөн далайн эргийн жуулчдад зориулж метроны сандлын бүрээсийг маш түргэн хатдаг нано материал ашиглаж бүтээсэн байна. Засвар үйлчилгээний хувьд гэвэл, метрог ашиглаж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд ямар нэг гэмтэл гарахад хятадын засварчид хоёр цагийн дотор газар дээр нь очсон байхыг гэрээнд заажээ. Үүний тулд тус компанийнхан 50 орчим техникийн ажилтныг Рио-де-Жанрейро хотод ажиллуулж байна. Рио-де-Жанрейрогийн олимпын метроны шугамын менежер Федро Хятадад үйлдвэрлэсэн метронд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. /Бэлтгэсэн: Алтаннавч/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе