• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

6-р сарын 13 "Сарны хүүхдүүд"-ийн эрхийг хамгаалах өдөр

CRI       (GMT+08:00) 2015-06-19 15:35:43

Удамшлын өвчин гэгддэг арьс цайх өвчин сүүлийн жилүүдэд уур амьсгал, хоол хүнс, орчны өөрчлөлт, мэдрэлийн хэт их ачааллын улмаас улам их илрэх болж, өвчлөгсдийн тоо дэлхий даяар хурдтай өсөж байна. Энэ бол эрт илрүүлбэл эдгээж болдог, халдварладаггүй, хүнд биш төрлийн өвчин. Гэвч арьс цайх өвчтэй хүмүүсийг царай төрхөөр нь шоолох, гадуурхах, дээрэлхэх, бүр "ангуучлах" үзэгдэл дэлхийн зарим улс оронд, бүр тодруулбал Африкийн эх газарт улам гаарсаар байна. Ангуучдын гарт өртөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд.

"Хүмүүс биднийг үхэшгүй мөнхийн гэж боддог. Тэгээд биднийг "Зэрү, Зэрү" гэж нэрлэдэг. Чөтгөр шулам гэсэн утгатай үг л дээ" гэж Танзани улсын арьс цайх өвчтэй нэгэн хүн ярьж байна. Африкийн орнуудад балар эртний мөргөл, мухар сүсгийн хар гайгаар хүмүүс арьс цайх өвчтэй хүний эд эрхтнээр эм бэлдмэл хийж, эрх мэдэл, эд хөрөнгө даллан дуудах зан үйл гүйцэтгэдэг. Тиймээс арьс цайх өвчтэй хүмүүсийг хулгайлах хэрэг Танзанид үе үе гардаг. Харамсалтай нь хулгайлагдсан хүмүүс амьд олдох найдвар бараг байдаггүй.
Арьс цайх өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах олон улсын байгууллагаас гаргасан тайланд тэмдэглэснээр, 2014 онд л гэхэд Африкийн эх газрын 28 улс оронд арьс цайх өвчтэй 128 хүн алагдаж, 181 хүн тахир дутуу болсон байна. Тэдний олонх нь гэм зэмгүй хүүхдүүд байсан юм.

Эдийн засаг нь өндөр хөгжсөн, ард иргэд нь харьцангуй боловсролтой гэгддэг Кени улсад мухар сүсэгт автсан, балар эртний шүтлэгтэй хүмүүс бага учраас арьс цайх өвчтэй хүмүүсийг хулгайлах, агнах үзэгдэл харьцангуй бага гардаг. Гэсэн хэдий ч хүмүүс энэ өвчний талаар мэдлэг муутай байдаг болохоор өвчтэй хүүхдүүдийн өсөж торних нийгмийн орчин баталгаагүй байсаар. Хар арьстан хосоос цайрсан арьстай хүүхэд төрөхөд 10 хувь нь л хүүхдээ хамтдаа өсгөдөг гэсэн судалгаа бий. Өвчтэй хүүхэдтэй ганц бие эхчүүдэд нийгэмд гишгэх газар үгүй учраас аргагүй эрхэнд нутаг орноосоо дайжиж, бөглүү газар нууцхан амьдардаг байна.

Энэ бүх байдал Африкийн эх газарт амьдарч байгаа олон сая өвчтэй хүмүүс, хүүхдүүдийг хамгаалах, тэднийг гадуурхаж дээрэлхэхгүй байхыг жирийн хүмүүст ойлгуулах, ухамсарлуулах шаардлага их байгааг харуулж байна. 2014 оны 10 сард НҮБ-ийн Ерөнхий Ассамблей жил бүрийн 6-р сарын 13-ныг арьс цайх өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах өдөр болгохоор зарласан юм. Африкийн зарим оронд арьс цайх өвчтэй хүмүүсийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Кени улсын сэхээтнүүдийн Момбасса хотод байгуулсан тусгай сургуульд цайрах өвчтэй олон зуун хүүхэд суралцдаг.

Тус сургуулийн 6-р ангийн сурагч Жасинта Мканика, "Аав ээж маань хөгшин болоод өвдөх юм бол би асарч халамжилна. Тэднийг эмнэлэгт үзүүлнэ. Би бас аав ээждээ том байшин барьж өгнө. Амттай хоол хийж өгнө. Бид нар бусад хүүхдүүдтэй яг адилхан. Уншиж чадна, хоол хийнэ, тоглоно, бас ажил хийнэ. Зарим хичээлийн шалгалт бидэнд жаахан хүнд байдаг л даа. Гэхдээ надтай адилхан өвчтэй хүүхдүүдэд хандаж хэлэхэд бид заавал аз жаргалтай амьдрах ёстой шүү" гэж ярьж байна.

Тамаша Насоро. Түүний хоёр хүүхэд хоёулаа арьс цайх өвчтэй. "Бид хүүхдүүдээ гэрт нь цоожлоод, тусгаарлаад байж болохгүй ээ. Тэднийг бие даалгахын тулд гадаад ертөнцтэй, бусад хүүхдэдтэй харьцахад нь тусалж, энгийн орчинд амьдралын арга ухаанаас сургах хэрэгтэй. Ийм өвчтэй хүүхдүүдийн харааны мэдрэмж муу байдаг болохоор эцэг эхийн тусламж зайлшгүй хэрэгтэй байдаг" гэж тэр ярьж байна.

Арьс цайх өвчтэй хүүхдүүдийн нийгмийн орчин хүнд байгаа хэдий ч Ликони бага сургуулийн хүүхдүүд, тэдний эцэг эх, гэр бүлийнхэн итгэл найдвараа алдалгүй амьдралтай тэмцсээр байна. Өнөөдөр тэдний эрхийг хамгаалах олон улсын өдөр. Зөвхөн энэ өдөр биш, хүмүүс тэднийг зөвөөр ойлгож, тэдэнд тэгш боломж олдох тэр өдөр л тэдний жинхэнэ баяр байх болно. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе