|
|
||
2014 оны санхүүгийн жилд Леново дэлхийн 160 гаруй улс оронд 60 сая суурин компьютер, 12 сая зөөврийн компьютер, 76 сая ухаалаг гар утас борлуулж, 46 тэрбум ам долларын орлого олжээ. 1984 онд Хятадын ШУА-ийн төслөөр 11-хэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Леново яаж дэлхийн персонал компьютерийн зах зээлийг эзэгнэгч, аварга том акул болсныг Леново группийн хүний нөөцийн менежер Жина, Юланда нар "Дорно өрнийн учрал" номоороо тайллаа.
Леново группийн амжилт тус группийн 60 улс орон дахь 60 мянган ажилчин, боловсон хүчний шаргуу хөдөлмөр, эв нэгдэлтэй шууд холбоотой гэж номын зохиогчид хэлж байна. Хятад эмэгтэй Жина, африк гаралтай америк эмэгтэй Юланда нарын хамтын бүтээл "Дорно өрнийн учрал" ном Нью-Йоркт нээлтээ хийсэн даруйдаа бэстселлер номын жагсаалтад орсон юм. Уг номын хятад хэл дээрх хувилбар өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод нээлтээ хийлээ.
Олон улсын зах зээлд нэвтрэх. Нэвтрээд зогсохгүй өөртөө нэгтгэх. Энэ мөрөөдлийг биелүүлсэн Хятадын Үндэсний брэнд бол яах аргагүй Леново. Леново групп байгуулагдаад 10 жилийн өмнө Америкийн IBM компанийг өөртөө нэгтгэхэд хоёр компанийг технологийн хувьд нэгтгээд зогсохгүй, компаний менежмент, компаний соёл, хүний нөөцийн бодлого гээд олон талаар нь нэгтгэх шаардлага гарсан гэдэг.
Жина. "Дорно өрнийн учрал" номын зохиогч – Леново группийн хүний нөөцийн албаны тэргүүн дэд ерөнхийлөгч. 10 жилийн өмнө англиар нэрээ ч хэлж чадахгүй байсан түүний хувьд дорно өрнийн соёлыг нэгтгэх, олон улсын боловсон хүчнийг удирдах гэдэг санаанд нь багтамгүй явдал байжээ. Гэхдээ тэд хийж чадсан.
"2005 онд бид IBM-ийг худалдаж авсан. Хоёр компани хүний нөөцийн бодлого, цалин хөлсний тогтолцоо гээд бүх талаараа асар их ялгаатай байсан. Анхны хурлуудыг санаж байна. Бидний дийлэнх нь англи хэлгүй байсан учраас чихэвчээ зүүгээд америкийн талынхныг орчуулгатай сонсоно. Ярихыг нь сонсож дуусаад өөрийнхөө саналаа хэлье гэхэд тэд хэдийнэ дараагийн сэдвээ яриад эхэлчихсэн байдаг. Хурлын дараа Америкийн тал биднийг хаалттай, дотогшоогоо, өөрсдийн гэсэн бодолгүй гэж үнэлдэг байв. Бидний хувьд бол асуудлын голыг нэгд, хоёрт, гуравт гэж дугаарлаж байгаад нэг дор нь хэлдэг зуршилтай. Энэ мэтчилэн бизнесийн яриа уулзалтын соёлын ялгаа ч бидний харилцаанд маш их хүндрэл үүсгэдэг байсан" гэж Жина ярьж байна. Дорно өрнийн соёлын ялгааг арилгахын тулд юуны түрүүнд хэл соёлыг нэгтгэх шаардлагатай байсан болохоор Леново англи хэлийг компаний албан ёсны хэл болгожээ. Жина нөхөр хүүхдээ Бээжинд үлдээж, Леновогийн Сингапурт дахь салбарт хоёр жил ажиллахдаа уйлахдаа уйлж, бүр больчихъё гэж шантарч байснаа дурсан ярихдаа нулимсаа нуусангүй.
Юланда. "Дорно өрнийн учрал" номын зохиогч- Леново группийн олон улсын соёлын албаны тэргүүн дэд ерөнхийлөгч. Тэрээр Техас мужийн уугуул. Дэлл группт араваад жил удирдах боловсон хүчнээр амжилттай ажиллахад нь Африк гаралтай, шударга шулуун зантай, асуудлыг хурц харж, голч шүүмжилж чаддаг зан нь нөлөөлсөн гэдэг. Гэтэл энэ бүхэн нь түүнийг Леновогийн Бээжин дэх төвд ажиллахад харин ч саад болно чинээ санаагүй байна. Яагаад болж бүтэж байсан бүхэн нь гэнэт л болж бүтэхээ байчхав аа? Шалтгаан нь мөн л дорно өрнийн соёлын ялгаа. Юланда гэр бүлийн хамт Бээжинд гуравдахь жилдээ амьдарч байна. Уйлж дуулж, ухаарч нөхөрлөсөн Бээжин дэх ажил амьдралынхаа талаар тэрээр номондоо бичжээ. "Бээжинд амьдрах хугацаандаа ажилд минь тус болох дотоод ухаанаас маш их суралцсан. Энэ бол дорно өрнийн соёлын хооронд тэнцвэртэй байх, өөрийгөө өөрчлөх сайхан боломж. Би бусдыг сонсож сурсан. Шүүмжлэхээсээ өмнө тэднийг ойлгохыг хичээдэг болсон. Миний хувьд, миний гэр бүлийн хувьд энэ бол маш том өсөлт, амжилт. Бид шинэ соёлд дасан зохицож, амьдралд өөр арга замаар талархаж сурсан. Энд өнгөрүүлсэн амьдралын хором бүрээ бид үргэлж санаж явах болно" гэж Юланда ярьж байна.
Дорнын хүмүүсийн гаднаа зөөлөн ч дотроо хаттай зан, өрнийн хүмүүсийн гаднаа хатуу ч дотроо сул араншинг Жина- Юланда хоёр, Леново- АйБиЭм хоёр, Хятад-Америк хоёр, арга билиг шиг гайхалтай хослуулж чаджээ. Ойрын ирээдүйд Жина Юланда хоёр шиг дорно өрнийг холбон, тив алгасан нөхөрлөх, давуу сул талаа харилцан нөхөж хамтран ажиллах, сая сая хүн Леново шиг аварга том группуудыг бий болгох болно. Дэлхий даяаршиж байна. /Бэлтгэсэн: Алтаннавч,Эрдэнэсувд/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |