• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Солонгосын чөлөөт худалдаанаас иргэд өндөр ашиг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2015-06-19 15:57:28

Канадын эрдэмтэн Маршалл Мак Луйн өнгөрсөн зууны 60-аад оны үед техник технологийн хөгжил дэвшил цаг хугацаа орон зайг ойртуулж, дэлхий ертөнцийг нэг л тосгон болгоно гэсэн төсөөллийг анх дэвшүүлсэн юм. Түүний төсөөлөл үнэхээр зөв байсныг дэлхийн даяарчлал, улс орнууд, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал бэлхнээ баталж байна. Үүний нэг жишээ, саяхан Хятад Солонгос хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь бүс нутгийн хэмжээнд нэлээд анхаарал татсан.

Хятад, Солонгос хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм. Тэр цагаас хойш хоёр орны худалдааны хэмжээ 37 дахинаар нэмэгдсэн. Өнөө Хятад улсад Хьюндай, Samsung, LG зэрэг Солонгосын томоохон аж ахуйн нэгж, мөн жижиг дунд бизнес эрхэлдэг нийт 23000 аж ахуйн нэгж ажиллаж байна.

БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Ён Сан Жик, "Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиснээр Солонгос-Хятадын эдийн засаг, худалдаа улам бүр өргөжих болно. Бид 12 триллион америк доллартай тэнцэх ДНБ бүхий асар том зах зээлийг бий болгох гэж байгаа нь үүний нэг бодит жишээ юм" гэж илэрхийлжээ.

Хятад, Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрт үйлдвэрлэл, үйлчилгээний 17 салбарыг хамруулжээ. Тэр дундаа Хятадын бэлэн хувцас, өнгөт төмөрлөг, тоног төхөөрөмж, Солонгосын шингэн дэлгэц, химийн аж үйлдвэр, тоног төхөөрөмжийн чиглэлийн компани, аж ахуйн нэгжүүд энэ хэлэлцээрийн хүрээнд зах зээлээ өргөтгөх өргөн боломжтой болж байгаа юм.

Тэгвэл жирийн иргэд, хэрэглэгчдийн хувьд ямархуу хүлээлттэй байгаа бол? Бээжинд 10 жил суралцаж, ажилласан Солонгосын иргэн Ким энэ хэлэлцээрийг өөдрөгөөр харж байгаагаа манай сурвалжлагчид ярьсан байна. Энэ жил 34 настай Ким Хятадад байхдаа найзуудтайгаа пиво ууж, хонины махан шорлог иддэг байсан гэнэ. Тэр одоо ч гэсэн хятадын хоол амтлагч, хятад пиво хэрэглэх дуртай. "Хоёр гурван жилийн өмнө Солонгост хятадын хүнсний бүтээгдэхүүн тэр бүр худалдаалагддаггүй байсан л даа. Тийм болохоор Хятадад байгаа найзууддаа захиж авчруулдаг байсан. Харин сүүлийн үед томоохон супермаркетуудад хятадын бүтээгдэхүүн нэлээн зарагддаг болсон байна лээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихсан юм чинь, одоо бүр ч олон төрлийн бүтээгдэхүүн орж ирэх байх л даа" гэж тэр ярьсан байна.

Кимчиний эх орон Солонгост хятад кимчи борлуулдаг Ли Сонтой манай сурвалжлагч ярилцсан байна. Хятадаас импортолдог кимчи амт чанарын хувьд солонгос кимчитэй адилхан, үнийн хувьд нэг дахин хямд байдаг болохоор солонгос хүмүүс идэх дуртай гэж Ли Сон ярьсан юм. Тэрээр, "Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжээд эхэлбэл кимчинээс гадна боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хоол амтлагч, лаазалсан хүнс импортолно гэж бодож байгаа. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд бүгд гаалийн татварын хөнгөлөлттэй байх юм л даа" гэлээ.

Сэүлд гоо сайхны мэс заслын хувийн эмнэлэг ажиллуулдаг Ким Хён Со аль гурван жилийн өмнөөс л Хятадад гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөл хөөцөлдсөн боловч визний асуудлаас өгсүүлээд өнөө хүртэл амжилтанд хүрээгүй байна. Харин чөлөөт худалдааны хэлэлцээр Ким Хён Со шиг Солонгосын олон эмч нарт Хятадад 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд ажиллах боломжийг олгох юм.

Ер нь солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн Хятадад маш өндөр борлуулалттай байдаг. Зөвхөн энэ оны эхний улиралд л гэхэд Солонгосоос Хятад улсад 265 сая ам долларын өртөг бүхий гоо сайхны бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 189.4% нэмэгдсэн үзүүлэлт юм. Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн Хятадын зах зээл дээр илүү хямд зарагдах боломжтой болно. Шампунь, угаалгын шингэн, арьс арчилгааны бүтээгдэхүүний гаалийн татварыг ирэх 5 жилийн дотор 20-35% хүртэл хөнгөлнө. Тэгвэл шүдний оо зэрэг амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг ирэх 10 жилийн дотор гаалийн татвараас бүрэн чөлөөлнө гэж хэлэлцээрт заажээ. /Бэлтгэсэн: Алтаннавч/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе