• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бирмээс Тайландад дүрвэгсдийн эмгэнэлт хувь тавилан

CRI       (GMT+08:00) 2015-06-19 16:58:28

Сүүлийн жилүүдэд Бирм, Бангладеш зэрэг улсад гарч байгаа дотоодын хямрал, нийгмийн тогтворгүй байдлын улмаас Тайланд, Малайз, Энэтхэгт дүрвэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэх болжээ. Дүрвэгсдийн дийлэнх нь лалын шашинт Рохиняачууд. "Чонын амнаас гараад барын ам руу оров" гэгчийн үлгэрээр хөөрхий дүрвэгсэд хулгайн хөлөг онгоцонд сууж амь мултарлаа гэж баярлахдаа хүрэх газрынх нь аманд хүний наймаачид отоод зогсоог яахин мэдэх билээ? 3 жилийн өмнө хүний наймааны золиос болж тамлагдаж байсан 20 настай Халимтай манай сурвалжлагч ярилцсан байна. Тэрээр Бирмийн рохиняа үндэстэн. Одоо Тайландад хар бор ажил хийн, амь амьдралаа залгуулж байна.

Халим, жин үдийн алдад ажилдаа гарч байгаа нь энэ. Өдөр бүрийн энэ цагт Халим Лоон-ги хэмээх үндэсний дээл хувцсаа жинсэн өмд, футболкоор сольж өмсөөд, хайрсан бин хийдэг дугуйтай зуухаа түрж, ойролцоох барилгын талбай руу явдаг. Бирмд засгийн газар нь ч, ард иргэд нь ч Рохиняа үндэстнийг хүлээн зөвшөөрдөггүй атал, Банкокийн захын дүүрэгт байх энэ барилгын талбайд Халимын хайрсан бинг бирм хүмүүс л амтархан идэх аж. Бирм ажилчид бараг бүгдээрээ оройн ажилдаа гарахаасаа өмнө Халимын хайрсан бинг заавал авч иддэг зуршилтай болжээ. Олон ажилчинд ингэж үйлчилж зогсохдоо Халим ядуу зүдүү амьдрал, хүнд хэцүү бүхнээ түр ч гэсэн мартдаг.

Халим 2 жилийн өмнө Бирмийн баруун хэсэг дэх төрсөн нутаг Ракайнаасаа гарч, хулгайн хөлөг онгоцоор Тайландыг зорьсон тухайгаа дурсаж, "Мөнгөө төлчих юм бол өөр улсад хүргээд өгнө гэж тухайн үед нэг хүн надад хэлсэн юм. Тэгээд л би мөнгө өгч, нэг усан онгоцонд суусан. Онгоц маш олон хоног явж байж эрэгт хүрсэн л дээ. Задгай тэнгист үргэлж далайн шуурга тавина. Далайн ус онгоцонд нэвтэрвэл байдал маш аюултай, хэцүү болдог байлаа. Хөлөг дээр хоол хүнс дутмаг. Хөлгийнхөнд эсэргүүцэл тавьж байгаад зодуулсан, бүр амиа алдсан хүн ч олон байсан" гэж ярьсан юм.

Халимын сууж явсан хөлөг онгоцонд хууль бус дүрвэгч 400 гаруй хүн явсан ч 3 сарын дараа эх газарт хүрэхэд 300 гаруй нь л амьд үлдсэн байв. Хөлгөөс эсэн мэнд буусан хүмүүсийг хөлөг дээрх амьдралаас нь ч хэцүү, ээдрээтэй хувь тавилан хүлээж байлаа. Хулгайн тээврийнхэн Халим болон бусад дүрвэгчийг аглаг ойн гүн дэх нууцлаг, түр хуаранд аваачжээ. Хуаранд эдэлсэн зодуурын амт - жинхэнэ амьдын там. Хүний наймааны золиос болсноо Халим тэгж л мэдсэн гэдэг. Эрх чөлөөгөө эргүүлж олж авъя гэвэл 2000 америк доллар өг гэж наймаачид шаарджээ.

"Над шиг үгээгүй ядуу хүнд 2000 доллар битгий хэл 2 доллар ч олдохгүй. Гэтэл тэд намайг мөнгө олж өгөхийг шаардаж, тамлаж эхэлсэн. Заримдаа намайг ухаан алдтал зоддог байсан. Эцэг эх минь намайг суллахын тулд лалын сүм хийдүүд, тосгон суурингуудаар хөлийн улаа эргэтэл явж байж 500 ам доллар л цуглуулж чадсан" гэж Халим ярилаа.

Халим хүний наймаачдын түр хуаранд 9 сар хоригдож тамлагдаад эцэст нь суллагджээ. Халим Банкок дахь хамаатны ахындаа суух болсоор 3 жил гаруй болж байна. Нонтабүригийн мусульминчүүдийн дүүрэг дэхь ахынх нь ам бүл дөрвүүл. 15 метр квадрат талбайтай түрээсийн байшин нь дотроо жижигхэн угаалгын өрөөтэй. Халимын ахын авгай, хоёр хүүхэд нь ч хүний наймаачдын гарт тамлагдаж байжээ. Ах нь наймаачдын нэхсэн 2300 ам долларыг хүн амьтнаас зээлж үг дуугүй өгсөн болохоор гэр бүлийнхнээ суллуулж чадсан байна. Одоо энэ гэр бүл бин хайрч долоо хоногтоо 150 ам доллар олдог. Энэ орлогоороо хүнээс зээлсэн мөнгөө эргүүлж төлөх, 5 хүний ахуйн зардал, хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт зарцуулдаг болохоор тийм ч хангалттай биш. Гэхдээ тэд амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.

"Тайландад ирэхийн тулд бид ёстой амсаагүй зовлонгоо амсаж, их ч мөнгө төлсөн дөө. Хэрэв одоо нутагтаа буцвал үхлийн отоосонд өөрөө гүйгээд орохтой л адил юм болно. Энд амьдрал хэцүү боловч айх аюул арай бага юм даа. Хожим боломж тохиовол өөрийн улс орондоо харихыг хүсэлгүй яах вэ. Би эх орондоо хайртай, Бирмдээ хайртай" гэж Салим ярьж байна. "Эрх чөлөө" гэсэн хоёрхон үгийн төлөө амьдарч байгаа энэ гэр бүл шиг дахиад хэдэн зуун мянган гэр бүл бий. Хүний эрхийг хамгаалцгаая. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе