• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад үгсийг монголчлох тухай Wechat хурал боллоо

CRI       (GMT+08:00) 2015-06-26 17:07:56

Шинэ соёл, шинэ технологитой хамт эх хэлэнд шууд ороод ирдэг гадаад үгс, нэг талаар бидний үгсийн санг нэмэгдүүлж байдаг. Гэтэл сүүлийн үеийн технологийн дэвшил, нийгмийн хөгжил дэндүү гэмээр хурдтай байгаа нь олон орны хэл соёлд маш том сорилт болж байна. Хөгжлийн хурдыг нэгэнт удаашруулж, ухрааж чадахгүйгээс хойш хэл соёлоо хэрхэн бүрэн бүтнээр нь авч үлдэх вэ? Энэ асуудал дэлхийн даяарчлалд оролцож байгаа улс үндэстнүүд, нэн ялангуяа монгол шиг хүн ам цөөтэй улс үндэстний хувьд тун эмзэг асуудал.

Монгол улсад "Монгол хэлний тухай хууль" баталж, хүн бүрийг үндэсний хэл соёлоо дээдлэхийг уриалж байгаа. Тэгвэл саяхан Өвөр монголд олон нийтийн цахим сүлжээ Вичат дээр харь үгийг монголчлох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. Энэ холбоонд Өвөр монгол, Хөхнуур, Шинжааны гээд нутаг нутгийн монголчуудаас гадна Монгол, Япон бүр Номхон далайн баруун эрэг дэх монголчууд ч сайн дураараа нэгдсэн байна.

Вичат холбооныхон харь үгэнд монгол нэр оноохдоо Монгол улсад хэрэглэж байгаа үгтэй ойртуулах, аль болохоор язгуур монгол үгсийн баялаг санг уудлахыг зорьж байгаа гэж холбооны гишүүн Өвөрмонголын Одон Телевизийн найруулагч Алтансүх бидэнд вичатаар ярьсан юм.

Ер нь Халх монгол, Өвөр монгол, Шинжаан монгол, Буриад монгол, Дээд монгол, Цагаан монгол гээд, үндэс угсаа нэгтэй газар газрын монголчууд үг яриа, хэл аялгууны хувьд өөр өөрийн давтагдашгүй онцлогтой, харилцан ялгаатай байдаг. Ялангуяа шинэ соёлыг дагалдан орж ирсэн харь үгийг өөр өөрийнхөөрөө оноосон нь тэр бүр адилхан байдаггүй. Жишээ нь Монголд зурагтын удирдлага гэж хэлж заншсан байхад Өвөр монголд алсаас эзэмшүүр гэдэг. Монголд хөргөгч гэдэг байхад Шинжаан монголчууд хөлдүүр гэнэ. Энэ мэтчилэн хэдэн мянган жишээ бий. Аль алиныг нь буруутгах эсвэл зөвтгөх эрх хэнд ч байхгүй. Гагцхүү илүү зөв оноож нэрлэснийг нь нийтээрээ дэмжиж, хэрэглэж занших нь монгол хэл соёлын хөгжилд хэрэгтэй байх болов уу.

Монгол нэр томьёог оноох Вичат цахим холбооны гишүүн, Өвөр Монголын Шулуун хөх хошууны уугуул Хасбаганатай вичатаар холбогдоход, харь үгийг монголчлох асуудалд авах гээхийн ухаанаар, уян хатан хандах ёстой, бүх гадаад үгийг монголчлох гэж хатуу баримтлах нь өрөөсгөл гэж ярьж байлаа. Америкт мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, 30 шахам жил ажиллаж амьдарч байгаа түүний хувьд англи гаралтай техникийн нэр томьёог монголчлох асуудлыг нэлээд анхаардаг. Хасбана гар утасны bluetooth холболтыг цэнхэр шүд гэж нэрлэж болох эсэхийг bluetooth-ийн нийгэмлэгт захидал бичиж тодруулахад нь нийгэмлэгийнхэн болохгүй гэсэн хариулт өгсөн байна.

ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР

Бидний хэлж заншсан будаа агшаагчийг Шинжааны монголчууд тутарга хөшөөгч гэдэг гэнэ. Хэдийгээр хөшөөж, тогтоож байгаа үйл биш ч гэсэн манайхны агшаана гэж нэрлэдгийг бодвол бас арай дээр сонголт байж мэднэ. Тийм үү? Гэхдээ сүүлийн үеийн будаа агшаагч будаа жигнэнэ, талх барина, тараг бүрнэ, олон ухаалаг үйлдэлтэй болсон. Тэгэхээр, будаа агшаагчийг яг юу гэж нэрлэвэл дээр вэ? Өөрийн санал болгох үгээ манай нэвтрүүлгийн delhiintsag@hotmail.com хаягт илгээгээрэй. -Дэлхийн цаг-
Бэлтгэсэн: Алтаннавч, Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе