• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Итали тогоочдын 1.6 км урт пицца дээд амжилт тогтоов

CRI       (GMT+08:00) 2015-06-26 17:07:56

Дэлхийн орон орны хоолны соёл, гал тогоог танилцуулж байгаа 2015 оны Миланы Дэлхийн худалдааны яармагийн үеэр итали тогоочид 1.6 км урттай Маргарита пицца дэлгэн тавьж, Геннисийн дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь Испанийн тогоочид 1.1 км урт пиццагаараа дээд амжилтыг эзэмшиж байсан юм.

Дэлхийн шинэ гайхамшиг болж чадсан энэ пицца бол Италийн алдарт Маргарита пицца юм. 1889 онд тогооч Раффаел Эспозито Маргарита хатан хааны зоогонд зориулан бүтээсэн учраас Маргарита пицца гэж алдаршжээ. Хайрсан хөвсгөр бин дээр зөвхөн улаан лооль, маззоррила бяслаг, бадарцэцгийн навч байх ба улаан, цагаан, ногоон гурван өнгө нь Италийн төрийн далбаа дээрх өнгийг илэрхийлдэг. Маргарита пицца хийхэд хялбар, орц найрлага багатай мөртлөө тэжээллэг, амт үнэр сайтай учраас өнөө хүртэл Италид хамгийн түгээмэл хоол болж чадсан байна.

Ром хотод пиццаны газар ажиллуулдаг Доменико Тавилла хүрэлцэн очсон зочид, үзэгчид, мөн олон орны мэргэжил нэгт нөхдөө хийсэн пиццагаараа дайлахдаа, амьдралын аз жаргалтай мөчөө олон хүнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна гэж ярьсан юм. 1595 метр урт пицца хийхийн тулд 80 тогооч 14 цаг тасралтгүй ажиллажээ.

Миланы Дэлхийн худалдааны яармагт дэлхийн хамгийн урт пиццаг амтлах гэж олон мянган хүн очжээ. Итали улс Наплес пицца хийх технологи, итали пиццаны соёлыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх өргөдлөө өгөөд байгаа. Италийн тариаланчдын холбоо энэ өдөр Наплес пиццаг дэлхийн өв болгохыг дэмжсэн гарын үсэг цуглуулж байлаа.

Итали тогоочид дэлхийн хамгийн урт пиццаг хийж чадлаа. Гэхдээ тэд энэ амжилтын төлөө хүнсний хаягдал гаргахыг хүссэнгүй. Тэд яармагт оролцож байсан 35 мянган хүнийг хооллож, мөн 300 метр урт пиццаг "хүнс тэжээлийн банк" нэртэй сангаар дамжуулан Милан дахь ядуу иргэдэд туслах байгууллагууд руу илгээжээ.

Миланы дэлхийн экспо "Эх дэлхийг ивээе, амьдралын эрчим хүч" уриан дор болж байгаа. Экспо эхэлснээс хойш "Хүнсний банк" сан орой бүр дэлхийн орон орны павильонуудаас үлдэгдэл хүнс цуглуулж, Милан орчмын ядуу иргэдэд туслах байгууллагуудад түгээж байгаа юм байна. Марка Рүгинигийн ярьснаар, тэд өнөөг хүртэл 4000 гаруй килограм хүнс цуглуулж тараажээ.

Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе