• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Палестин шашны жуулчлалаар эдийн засгаа хөгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2015-06-26 17:07:56

"Палестинд жуулчлахад аюулгүй ээ. Бид дэлхийн олон орны аялагчдыг хүлээн авахад бэлэн байна" гэж Палестиний соёл, аялал жуулчлалын яамны гадаад харилцааны газрын дарга Жирийс Кумсийеэ саяхан болсон Олон улсын шашны аялал жуулчлалын хурлын үеэр мэдээллээ. Тус хурлыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага өнгөрсөн долоо хоногт Иордан голын баруун эргийн Бифлеем хотод зохион байгуулсан юм. Палестин улс аялал жуулчлалын салбараа дэмжих замаар улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх талаар нэлээд идэвхтэй судалж байгаа юм байна.

"Одоогоор Иордан голын баруун эрэгт Палестиний 40 орчим хөтөч тайлбарлагч л Израйльд ажиллах боломжтой. Израйлиас бидэнд тусгай зөвшөөрөл олгохоо больсон л доо. Өдөртөө олон зуун израйль хөтөч жуулчдыг дагуулж манай энд ирдэг. Бид ч гэсэн тэдэнтэй адил тэгш эрх эдэлж, Израйльд ажилламаар байна" гэж Бифлеем хотын аялал жуулчлалын нэгэн компанид хөтөчөөр ажилладаг Наел Хамамра манай сурвалжлагчид ярьжээ.

Хүн ам сийрэг, нутаг дэвсгэр бага боловч Палестиний Бифлеем хотыг Есүсийн мэндэлсэн газар гэдгээр нь дэлхийн хүмүүс андахгүй мэднэ. Тийм болохоор Бифлеем хот даян дэлхийн христийн шашинтнуудын хувьд ариун газар орон юм. Мөргөлчдийн цуваа тасардаггүй энэ хот шиг өөр олон хот суурин Палестин болон Израйлийн нутагт бий. Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их нөөц боломжтой ч Палестиний аялал жуулчлалын салбарт Израйлийн зүгээс ихээхэн саад, тушаа болж байгааг салбарын хүмүүс нь онцолж байна. Палестиний хөтөч тайлбарлагчдад Израйлд ажиллах зөвшөөрөл олдохгүй, мөн дээр нь Иорданаас Палестинд аялах жуулчид Израйлийн хилийн шалган нэвтрүүлэх төв дээр хэдэн цагаар дугаарлан, урт дараалалд зогсох хэрэгтэй болдог. Гэтэл Израйлийн аялал жуулчлалын агентлагийн аяллууд Палестинд ямар ч саадгүй, ногоон гэрлээр нэвтэрдэг. Энэ талаар Палестиний соёл аялал жуулчлалын яамны сайд хатагтай Рула Ма-Аяа өнгөрсөн долоо хоногт Бифлеемд болсон Олон улсын шашны аялал жуулчлалын хурлын үеэр ярихдаа, "Израйль улс Палестиний нутаг дэвсгэрт нөлөөллөө улам их өргөтгөж, Ойрхи Дорнодод энх тайван тогтоох явцад хүлээх хариуцлагаа биелүүлэхгүй, олон улсын холбогдох хууль дүрмийг хэрэгжүүлэхгүй, НҮБ-ын холбогдох тогтоолыг ч хэрэгсэхгүй, Ойрхи Дорнодын бүс нутгийн шударга ёс, энх тайвныг хайрхрахгүй байгаа нь Палестиний аялал жуулчлалын салбарын хөгжилд саад болж байна. Энэ салбарт бид хөрөнгө оруулалт татах аргагүй болоод байна" гэлээ
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага анх удаа Палестинд өргөн цар хүрээтэй олон улсын хурал зохион байгуулсан нь энэ юм. Хурал "Палестиний нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжүүлэх нь " гэсэн уриан дор боллоо. Ойрхи Дорнодын асуудлаарх дөрвөн талын тусгай төлөөлөгч Тони Блэйр хуралд оролцохдоо, хүндрэлтэй асуудал олон байгаа хэдий ч Палестиний аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бас байгаа гэж илэрхийлсэн юм.

Бэлтгэсэн. Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе