|
|
||
Шинжааны Или голын хөндий - Лаванда цэцгийн орон. Илийн хөндий Лаванда цэцгийн тариалалтаараа Францын Прованс, Японы Хоккайдотой эн зэрэгцдэг, Хятадын лаванда цэцгийн зах зээлийн 90 хувийг хангадаг юм. Жил бүрийн 6-8 дугаар сард Илийн хөндий тэр чигтээ нил ягаан өнгөөр бүрхэгдэж, Лаванда цэцгийн анхилам үнэрт бялхдаг. Нүд баясгаж, сэтгэл хөдөлгөм, идтэй шидтэй, нил ягаан хөндийг үзэх гэж Хятадын эх газрын төдийгүй Хонконг, Тайвань, Макаогийн жуулчид Илийг зорих нь элбэг. Лаванда цэцгийн эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүний "Анхилуун" брэндийг үндэслэгч, Хятадын "Үнэртний хатан хаан" гэгддэг хатагтай Жэнни энэ өдөр Илийн хөндий дэх Лаванда цэцгийн баярт оролцохоор Макаогаас иржээ. "Яг л Францад ирсэн юм шиг санагдлаа. Шинжааны Или нутаг үнэхээрийн хүний сэтгэлийг татах увдистай газар юм байна. Лаванда цэцгийг үзье гэвэл заавал Франц руу явах хэрэггүй, шууд л Или-д ирэхэд болох юм байна" гэж Жэнни ярьж байна.
Лаванда цэцэг манай бөмбөрцгийн умард өргөргийн 42-44 градуст, далайн төвшнөөс дээш 600-800 метрт л ургадаг онцлогтой. Шинжааны Илийн хөндий баруун тал руугаа өргөссөн, цагаан хоолой мэт хэлбэртэй, Атлантын далайн чийглэг агаарын нөлөөг хүртэх боломжтой. Өмнөд нутгийн цөлийн хуурай агаар, хойд нутгийн хүйтэн сэрүүн салхинаас хол, нарны гэрэл тусах хугацаа нь их гээд, ер нь л Лаванда цэцэг ургах хамгийн тааламжтай нөхцөл бүрдсэн газар.
Жил бүрийн 6-р сард Илийн хөндийд Лаванда цэцгийн олон улсын баяр болдог заншилтай. Энэ жилийн баярын үеэр Францын үнэртэн үйлдвэрлэх технологийн мэргэжилтэн, "Британика" нэвтэрхий толь дахь Лаванда цэцгийн тайлбарыг бичсэн алдарт эрдэмтэн Пьерр Росс ярихдаа, "Би Австрали, Америк, Хятадын Шинжаан, Францын Провансийн лаванда цэцгийн охийг хооронд нь харьцуулж үздэг л дээ. Бараг бүх туршилтаар Хятад, Францын лаванданы охь хамгийн сайн чанарын үзүүлэлттэй гардаг. Или, Провансын лаванда-г харьцуулахад, Хятадын лаванда чанарын хувьд адил мөртлөө үнийн хувьд хямд. Шинжааны Илийн лаванда чанарын хувьд маргах юм байхгүй сайн" гэв.
Лаванда цэцэг жилдээ ганцхан удаа л цэцэглэдэг байхад, Или голын хөндийн баруун хойд бие, Хоргос сумын нутагт жилд хоёр удаа цэцэглэдэг. Үүгээрээ дэлхийд хосгүй юм. Хоргос сум 2000 га талбайд лаванда тариалдаг, энэ салбарт 15 мянган хүн ажиллаж байна. Сумын газар тариалангийн газрын дарга Цао Шипин лаванда цэцгийн үйлдвэрлэлийн ирээдүйг өөдрөгөөр харж байна. "Бид Лаванда цэцгийн төрөл зүйлөө олшруулах зорилттой байгаа. Сайхан өнгө үнэртэй төрлүүдээс гадна цэцгийн тос гаргах, гүн боловсруулалт хийх төрлүүдийг тариална. Одоогийн бидний тарьж байгаа хөх лаванда 0.06 га тутамдаа 5-6 кг тос өгдөг. Цаашдаа 8-9 кг тос өгөх сайн сорт тарьвал үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, цэцэгчдийн орлого ч сайжрах юм" гэж Цао Шипин ярьж байна. Или нутаг лаванда цэцгийн тариалалтаараа олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй байна. Шинжааны "Же-Ю гүнж" үнэртэн гоо сайхны компани энэ салбарт хөгжлийн асар их боломж байгааг олж харжээ. Компаний захирал Рэнкэ "Манай компани лаванда цэцгийн хүрээлэн байгуулснаасаа хойш дэлхийн газар газрын жуулчдыг хүлээн авч үйлчилсэн л дээ. Тэр ч байтгуай Францаас ч олон хүн ирсэн. Тэд бидэнд энэ салбарыг дэлхийн зах зээлд гаргах олон сайхан санаа өгсөн юм. Лаванда цэцгийг дэр, үнэртүүлэгч зэрэгт хийж болохоос гадна лаванда цэцгийн зургийг ном, уран зураг, шаазан урлал, хатгамал зэрэгт ашиглах, өөрөөр хэлбэл, лавандагийн соёлыг Хятадаас дэлхий дахинд гаргаж болох юм гэдгийг бид ойлгож авсан" гэлээ.
Бэлтгэсэн. Э.Эрдэнэсувд
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |